Бямбацогт.С 2017.01.11 | Сайт: Vip76.mn

С.Бямбацогт: Зарим харилцан адилгүй зөрчлийн шинжүүдийг нэгтгэн томьёолсон нь хүндрэл үүсч мэдэхээр байна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.10/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төслийг танилцуулсан юм. 

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон.

Гэвч шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй гэсэн шалтгаанаар дагаж мөрдөх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан. 

Зөрчлийн тухай хуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулах  алхам хийсэн зэрэг нь дэвшилттэй боловч дараахь ойлгомжгүй асуудлууд үүсч байна. Үүнд: 

- Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ зарим харилцан адилгүй зөрчлийн шинжүүдийг нэгтгэн нэг зүйл, хэсэгт томьёолсон нь хууль хэрэгжүүлэгч субъектүүдийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн;

- Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан нь тухайн үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн аль нь болохыг шийдвэрлэх боломжгүй байдлыг бий болгож, хууль ёсны зарчмыг гажуудуулж байна;

Иймд уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn