Нямбаатар.Х 2017.01.11 | Сайт: Vip76.mn

Х.Нямбаатар: Шоронжуулах агуулгатай хууль байсныг өөрчилж оруулж ирсэнд талархаж байна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

УИХ-ын Хууль зүйн хорооны хуралдаанаар /2017.01.10/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт эдгээр хуулийн төслүүдэд ямар шинэлэг зохицуулалт, гол гол өөрчлөлт оруулж өгснөө байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг дэмжиж байна. Манай улсын Эрүүгийн эрх зүй, хууль тогтоомжийн шинэчлэл 1926 оноос хойш явж ирсэн түүхтэй.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн системчлэл, зүйлчлэлийн хувьд өмнөх бичигдэж байсан хуулиасаа арай өөр байгаа. Үүнийг нэг мөсөн шинэчилсэн найруулга болгоод хуучин бичилтээр нь бичиж болохгүй байсан юм уу гэдгийн салбарын сайд болон ажлын хэсгээс нь асуумаар байна?

 Энэ хуулийн шинэчлэлээр хэд, хэдэн орхигдсон зүйл заалтуудыг тусгаж оруулж ирсэнд талархаж дэмжиж буйгаа илэрхийлье. Тухайлбал ял, хариуцлага хоёрыг салгаж оруулж ирсэн байна. Мөн гэмт хэргийн ангиллыг шинээр оруулж ирсэн байна.

Салбарын сайдын хэлснээр танилцуулга талаасаа хүний эрхийг дээд зэрэгт хангасан хуулийн төсөл юм шиг хэрнээ ялын төрөлүүдээс нь харж байхад жинхэнэ  шоронжуулах агуулагатай хууль байсан. Үүнийгээ засаж сайжруулаад оруулаад ирсэнд баяртай байна.

Нүүдэлчин соёл иргэншил, суурин соёл иргэншил гэх хоёр хайчилбар дунд манайхны эрх зүйн зохицуулалтад гарах хүндрэлүүд их бий болж гарч ирсэн. Түүний тод жишээ бол зорчих эрхийг хязгаарлах гээд ажлын хэсэг дээр ч гэсэн яригдаж байсан. Энэ хоёр иргэншил дунд хэргжүүлэх эрх зүйн зохицуулалтаа эргэж нэг хараад шинэчилж болоогүй юм уу гэдгийг тодруулах гэсэн юм.

С.Бямбацогт: Энэ хууль хэрэгжихэд тодорхой бэлтгэл ажил шаарддагдсан учраас хойшлуулж байгаа

Эрүүгийн хууль 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой байсан. Гэвч Монгол улсын 3 сая иргэний эрх, эрх  чөлөөний асуудалтай шууд холбогдож буй чухал хууль учраас хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар хийх ёстой гэж үзсэн.

 

Зүйл заалтад хамаарах асуудал бүрийг төрөлжүүлэн ангилж оруулсан. Шинээр нэмэлт өөрчлөлт оруулахад хялбар болгох үүднээс шинэлэг техник ашигласан гэж хэлж болно. Зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой асуудлын хувьд яг өнөөдрөөс хэрэгжих боломжгүй юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой нэмэлт хууль гарна тиймээс зорчих эрх хангагдаж тодорхой нөхцөл бүрдсэний дараа зорчих эрхийг хязгаарлахаар нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа.