УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.01.11

Н.Учрал: Гэрээ хэлэлцээрээс үүдэлтэй зөрчлийг гэмт хэрэг биш гэж зааснаар нийгэмд сөрөг үр дагавар их гарах юм биш үү?

УИХ-ын Хууль зүйн хорооны хуралдаанаар /2017.01.10/ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт эдгээр хуулийн төслүүдэд ямар шинэлэг зохицуулалт, гол гол өөрчлөлт оруулж өгснөө байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асууж, санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхийг миний зүгээс дэмжиж байгаа. 2016 оны 9 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлэх гэж байсан өмнөх хуульд нь учир дутагдалтай олон зүйлс байсан. Харин өнөөдөр оруулж ирсэн энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг нэлээд сайн ажилласан нь харагдаж байна.

2002 оны Эрүүгийн хуульд нийгэмд аюулгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх гэсэн зохицуулалтууд байгаа. Энэ хуульд гэмт хэрэг, зөрчил хоёрыг ангилж үзээд нийгэмд аюулгүй шинжийг 2002 оны хуулиас хассан байгаа.

Тэгвэл энэ хуульдаа шинээр илүү боловсронгуй болгон өөрчилж оруулж ирсэн гэж ойлгож болох уу?  Шинэ хуулиар гэрээнээс үүдсэн зөрчлийг гэмт хэрэгт тооцохгүй гээд заачихаар цаашид нийгмэд гэрээ хэлэлцээрээс болж сөрөг үр дагаварууд их гарах вий гэдэгт санаа зовж байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

Ажлын хэсэг: Таны хэлсэн хуулийн заалтыг шаардлагатай гэж үзээд энэ хуульд ерөнхий заалтаар нь буцаан оруулж ирсэн

2002 оны Эрүүгийн хуулиас 2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад таны хэлж байгаа заалтыг хассан байж байгаад одоо энэ хуульд 2002 оны Эрүүгийн хуульд байсан ерөнхий заалт хэлбэрээр нь буцаан оруулж ирэхээр болж байна.

2015 оны Эрүүгийн хууль хохиролын хор, уршиг заагдахгүйгээр тухайн гэмт хэргийн шинж үйлдлийн хэв шинжээр нь гэмт хэрэгт тооцож яллахаар болсонтой холбогдуулж хулгай, танхайн хэрэг энгийнээр тайлбарлахад энэ үзгийг санаандгүй хугалсан ч гэмт хэрэг болж таараад байгаа юм. Үзэг хугалсныхаа төлөө ял, шийтгэл эдлэх болсон. Гэтэл цаанаа учруулсан хохиролын хэмжээ нь нийгэмд аюул учруулах шинжгүй байдаг.

Тэгэхээр ийм зэргийн үйлдлийг заавал гэмт хэрэгт тооцоод ял өгөөд байх зарчим байдаггүй. Тиймээс энэхүү хуулийн нэгдүгээр зүйлд таны хэлсэн дээрх хассан гээд байсан зүйл заалт оруулж өгсөн байгаа. Хоёрдугаар асуудал буюу иргэний хэлцэл гэрээний улмаас үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол дээр Эрүүгийн хэрэг үүсгэж яллаад байна.

Заримыг нь иргэний хэргээр нөгөө хэсгийг нь Эрүүгийн зүйл заалтаар шийдвэрлээд байна. Энэ асуудлыг нэг талд шийдвэрлэхээр зохицуулалт хиймээр байна гэх саналыг хууль тогтоогчид зөвлөж байсан.

Иргэний хэлцэл буюу захиргааны актын хувьд үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролыг захиргааны эрх зүйн хувиар шүүх, иргэний эрх зүйн харилцаагаар иргэний шүүхээр явах юм. Харин нийгмэд аюултай асуудлыг нь Эрүүгийн хуулиараа зохицуулж явах нь зүйтэй.

Хоёр хүн цаг хугацаандаа мөнгөө төлнө гэж гэрээ байгуулдаг. Гэтэл бизнес нь эрсдэлд ороод ямар ч нөхцөл байдал, эрсдэлд орж болзошгүй. Гэтэл давагдашгүй хүчин зүйлээс болж учирсан хохиролоос болж Эрүүгийн хэрэг үүсгэж  бизнес эрхлэгчдийг хохироодог зарчим Эрүүгийн хуульд байж болохгүй юм. Нөгөө талаараа Эрүүгийн хуулийн гол зарчим бол Эрүүгийн энэ хуульд заасан үйлдлийг л гэмт хэрэг гэж үзэж заасан ял шийтгэлийг л ногдуулах ёстой юм.