Бямбацогт.С 2017.01.11 | Сайт: Vip76.mn

С.Бямбацогт: Эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллана

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.10/ Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 

Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төслийг танилцууллаа. 

Улсын Их Хурлаас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, улмаар 2014 оны 1-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

Уг хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг арилгах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэхүү үйл ажиллагаанд оролцогч иргэд, байгууллагын аюулгүй байдлыг хангаж, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагын харьяаллыг оновчтой болгох зорилгоор энэхүү хуулийн төсөлд дараахь нэмэлт, өөрчлөлтийг орууллаа:

- Эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд, түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага тус тус хариуцан ажиллана.

- Эрүүлжүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, үйлчилгээний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар тус тус хуулийн төсөлд тусгалаа.

- Мөн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах зохицуулалтыг, түүнчлэн үйлчлүүлэгч догшин хэрцгий авирлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахаар бол уг этгээдэд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан журмын дагуу номхотгох аргыг хэрэглэж болох зохицуулалт, эрүүлжүүлэх үйлчилгээнээс олсон орлогыг эрүүлжүүлэх үйл ажиллагаанд нь зарцуулахаар хуулийн төсөлд тус тус тусгасан.

Төрийн захиргааны төв байгууллагын харьяаллыг оновчтой шийдвэрлэснээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу зохицуулна.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн хэв журмыг сахиулах хуулийн зорилт бодит утгаар хэрэгжиж, эрүүл мэндийн байгууллагын зохиомол ачаалал буурч, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт эерэгээр нөлөөлнө.

Хуулийн төслийг дагалдуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа