Бямбацогт.С 2017.01.11

Х.Нямбаатар: Эрүүлжүүлэх байранд ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрийн орчныг яаж сайжруулах вэ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.10/ Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Хоёр хуулийн төсөл орж ирсэн байна. Нэг нь М.Билэгт тэргүүтэй нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн, нөгөө нь Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл байна. Нэг асуудлаар хоёр өөр хуулийн төсөл санаачилсан УИХ, Засгийн газрын гишүүн хоорондоо ярилцаж байгаад хуулийн төслүүдээ нэгтгэх боломж байсан уу?

Эрүүлжүүлэх байр нь угаасаа цагдаагийн байгууллагын харьяалалд байсан. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд төдийлөн харагдахгүй байгаа нэг зохицуулалт бол эрүүлжүүлэх байранд ажиллаж буй хүмүүсийн эрх юм. Эрүүлжүүлэх байранд ажиллаж буй хүмүүсийн эрх өдөр тутамд маш их хөндөгддөг. Эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаатай танилцах явцад ажилчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах зөрчигдөж байдаг нь илэрхий байсан.

Согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн иргэдэд эрүүл мэндийн шаардлага хангасан үйлчилгээ үзүүлж, нийгмийн хэв журмыг зөрчсөн зөрчилд нь тохирсон хариуцлага ногдуулдаг. Хуулийн төслийн 6,3 дахь хэсэгт зааснаар бол “Аймаг, нийслэлийн эрүүлжүүлэх байрны тоо, бүтэц зохион байгуулалтыг Цагдаагийн төв байгууллагын даргын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүн амын нутагшилт нийцүүлэн тогтооно” гэсэн зохицуулалт оруулж ирсэн байна.

Тэгвэл Эрүүлжүүлэх байранд ажиллаж буй албан хаагчдын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах тал дээр онцгой анхаарахгүй юм бол хуучин эрүүлжүүлэх байрнууд давчуу, нэг хүнд ногдох талбайн хэмжээндээ хүрэхгүй байх тохиолдол түгээмэл бий.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Хуулийн төслүүдийн агуулга нэг зүйлд төвлөрч байна. Гэхдээ бид уг хуулийн төслүүдийг нэгтгэн талаар хэлсэн, ярьсан зүйл байхгүй. УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу М.Билэгт тэргүүтэй эмэгтэй гишүүд эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн санаа бодлыг сонсож уг хуулийн төслийг оруулж ирсэн байна.

Хууль санаачлагчдын төслийг тус тусад нь хэлэлцэх учраас тэр үед УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлээрэй. Эрүүлжүүлэх байр, эрүүл мэндийн байгууллага хоёрыг салгах чиг үүргийг Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдад өгсний дагуу хуулийн төслийг оруулж ирсэн.

Хэлэлцэх эсэх нь шийдэгдсэний дараа хуулийн төслүүдийг хамтгатган хэлэлцэх боломж бий. Хууль санаачлагчид ямар нэгэн зорилго агуулаагүй. Нэгдсэн байдлаар гаргаад явахыг үгүйсгэхгүй.

Эрүүлжүүлэх байрны нөхцөл байдалд анхаарах ёстой. Үүнтэй холбоотойгоор эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсийг Цагдаагийн байгууллагын төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 1,47 дохь хэсэгт заасны дагуу албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаанд захиран зарцуулна.

Өөрөөр хэлбэл, эрүүлжүүлэх төлбөрийг эрүүлжүүлэх байрны орчныг сайжруулахад оршино.