Баасанхүү.О 2017.01.12 | Сонин: Зууны мэдээ

О.Баасанхүү: Ерөнхийлөгчөөр МАН-ын хүнийг сонго гэх нь дутуу байна

О.Баасанхүү: Ерөнхийлөгчөөр МАН-ын хүнийг сонго гэх нь дутуу байна

МАХН-ын Гүйцэтгэх хорооноос Ерөнхийлөг- чийн Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэд эрх баригч МАН Шинэ жилийн баярын уур амьсгалыг далимдуулан олон түмний анхаарлаас далдуур “машиндах” гэж улайрч байна хэмээн мэдэгдэв.

Энэ тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндсэн хуульд Ерөнхийлөгч нам бус бөгөөд Монгол Улсын уугуул иргэн байх ёстой. Тэгэхээр уугуул иргэний үндсэн эрх үүрэг гэж байна. Тэр нь бусдыг намаар нь, үзэл бодлоор нь ялгаварлахгүй байх явдал.

Тэр утгаараа өнөөдөр хуульдаа ямар санал оруулж байгаа вэ гэвэл намаас гарлаа гээд хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдэгдсэн бол нэр дэвшигчийг гарсанд тооцох ёстой. Харамсалтай нь энэ хуулиар бол намын л тооцно гээд байгаа юм. Тэр намын дүрэм нь Үндсэн хуулиас өндөр байна гэдэг бол утгагүй.

МАХН өмнө нь Г.Нарангэрэл доктор, бусад нэр дэвшигчдийг дэвшүүлж байхад МАН манай хүн гэж хэлээд зарга үүсгэсээр байгаад нэр дэвшихийг нь болиулж байсан. Яг тийм нөхцөл байдал бидэнд бас үүсчихээд байна.

Учир нь бид шударга хүнийг л дэвшүүлэхийг хүсч байна. Ямар нам нь хамаагүй. Ард түмний дэмжих, улс орныг авч явах төрийн тэргүүнийг гаргахын төлөө явмаар байна” гэлээ.

Мөн тэрээр “Харин МАН бол өөрсдийнхөө хүнийг гаргах гээд, хатуухан хэлэхэд тэр хүнийх нь нэр хэвлэлээр бараг тодорчихсон. Энэ хууль дээр ганцхан л өгүүлбэр дутуу байна. Тэр нь МАН-ын хүнийг л сонго гэж. Харамсалтай нь УИХ- ын даргын захирамж хэрэгжихгүй байна.

Захирамж дээр ажлын хэсэг байгуулаад, ажлын хэсэг нь санал дүгнэлтээ оруулаад, ажлын хэсгийн дүгнэлтээр санал хураах ёстой. Гэтэл ажлын хэсэг нь огтхон ч гишүүддээ ажлын хэсгийн санал хураалтын дүгнэлтээ танилцуулаагүй.

Энэ нь ажлын хэсэг нь хэлбэрийн төдий болсныг харуулж байна. АН-д байгаа хүнийг МАН-д оруулсан гээд байгаа боловч тэр нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй. СЕХ-ны Нарийн бичгийн даргын гэр бүлийн хүнийг тус ажлын хэсэгт оруулчихсан байгаа. МАНАН бүлэглэл өнөөдөр намуудын зөвшилцөл хийж байгаа болохоос МАН, АН, МАХН гэдэг намуудын зөвшилцөл огт явахгүй байна. Тиймээс МАНАН бүлэглэлээс энэ хуулийг аврахын тулд ард түмэн нэгдэх цаг болсон. Намын нэрээр бүлэглэл үүсгэж, хуулийн цоорхойгоор гарах оролдлого хийж байна. Үүнийг бид эсэргүүцэж байна” гэв.