Тэрбишдагва.Д Энхболд.М Энхболд.Н Баасанхүү.О Нямдорж.Ц Санжмятав.Я 2017.01.12 | Сайт: Vip76.mn

Ц.Нямдорж Ерөнхийлөгчийг огцруулах хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж, АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Ц.Нямдорж Ерөнхийлөгчийг огцруулах хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж, АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө
Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан үг хэлсэн гишүүд

2017 оны 1 дүгээр сарын 12-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллын танилцуулсан. Хэлэлцэх асуудлын дарааллыг сонссон гишүүд үг хэлж, горимын санал гаргалаа. 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн утааны талаар хийсэн мэдээллийг цохон тэмдэглээд, Улаанбаатар хотыг доромжилсон учраас хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай. Ц.Элбэгдоржийг огцруулах хөдөлгөөн өрнүүлье гэсэн горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Үгийнхээ эхэнд Пүрэв, Баасан гарагт хэлэлцэх асуудлыг салгаж байя гэсэн санал гаргасан. Мөн хаалттай хуралдаан хийх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийллээ. Монгол Улсын гадаад бодлого тэр дундаа эдийн засгийн хямралтай байгаа энэ үед гурав дахь хөршийн бодлогыг хэрхэн явуулах, дотоодын асуудал болох агаарын бохирдлоос эхлээд Оюу толгой, Тавантолгой төслүүд гээд ярих зүйл олон байгааг хэлсэн юм.

Тэрээр нүүрлээд буй хямрал нь дан ганц эдийн засгийн бус улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал болчихоод байна гэж тодорхойллоо. Тиймээс эдгээр асуудлыг нам, улстөрийн хүчнээс үл хамааран улс орныхоо эрх ашгийн үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг оролцуулсан хаалттай хуралдаан хийх горим санал дэвшүүллээ.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав: АН-ын бүлэг хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр завсарлага авахаар шийдсэнээ УИХ-ын даргад уламжиллаа. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан эхлээд ажлын хэсэг хуралдах ёстой байсан ч алгасаад байнгын хороогоор асуудлыг оруулсан байна гэлээ.

Тэрээр Ерөнхийлөгчийн сонгууль нь УИХ-д бүлэгтэй, бүлэггүй, суудалтай, суудалгүйгээс үл хамааран бүх ард нийтийг хамарсан сонгууль байх ёстой гэдгийг онцлоод АН-ынхан хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө УИХ-д суудалгүй намуудтай зөвшилцөх шаардлагатай байгааг хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хаалттай хуралдах горимын саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг ажлын хэсгийн 2 ч хуралдаанаар хэлэлцсэн болохыг хэллээ. Нөгөөтэйгээр уг хуулийн төслийг хэлэлцэн, батлах нь хуулийн хугацаатай учраас яаралтай хэлэлцэх нь зүйтэй бөгөөд удаашруулах тусам олон нийтийн шүүмжлэлд өртөх болно гэдгийг сануулсан юм.

Мөн Ерөнхийлөгчийн утааны эсрэг хийсэн мэдээллийг дэмжиж байгаагаа хэлээд чуулганы хуралдаан болгоныг нээлттэй хэлэлцэх нь хэр зүйтэй болохыг эргэн харах хэрэгтэй гэлээ. Учир нь төрийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой гэдгийг анхаарууллаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улсын парламентын түүхэнд ажлын хэсгийн хуралдааныг нэр төдий хийсэн тохиолдол гарлаа гэж тэрээр үгийн эхэнд хэллээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ултөржүүлж, намжуулахгүй, бүх ард түмнээсээ сонгоё гэж байгаа бол бид ойлголцож зөвшилцөх ёстой гэсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн ажлын хэсгийн анхны хуралдаан дээр  гишүүдээс нилээд санал гарсан бөгөөд эдгээр санал дэмжигдсэн, дэмжигдээгүй болох нь тодорхойгүй байна. Жишээлбэл, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг төр хариуцья" гэсэн санал гаргасан шүү дээ гэлээ. 

Ингээд УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлаар үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга М.Энхболд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо байнгын хороогоор хэзээ хэлэлцсэн, хуулийн төслийн ач холбогдлыг хардаг гэдгийг хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хийгээд нэр бүхий гишүүдийн гаргасан саналын дагуу Монгол Улсын нийггэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хаалттай хуралдах горимын саналыг анхааралдаа авахаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авах санал гаргасны дагуу нэг хоногийн хугацаатай завсарлага өглөө. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүд туршлагажиж яваа парламентч болохын хувьд ор үндэсгүй худлаа мэдээлэл олон нийтэд өгөхөө болихыг сануулсан юм. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn