Жавхлан.Б 2017.01.12 | Сайт: Vip76.mn

Б.Жавхлан: Ө.Энхтөрийг СЕХ-ны гишүүнээр томилуулах хүсэлтэй байна

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан уншиж танилцуулсан юм. 

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, санал дүгнэлтээ гаргалаа.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрцогт нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,3 дахь хэсгийг үндэслэн, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан байна. Уг асуудлаар байнгын хорооны хуралдаан дээр гишүүдээс санал гаргаагүй болно.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6,3 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,2, 6 дугаар зүйлийн 6,2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ө.Энхтөрийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг гаргалаа. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Ө.Энхтөр нь 1965 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн 1983 онд Завхан аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, 1988 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Цагдаагийн академийг эрх зүйн магистр зэрэг хамгаалсан. Ө.Энхтөр нь ажлын гараагаа 1988 онд Завхан аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст хэлтсийн төлөөлөгчөөр эхэлж, 1989-1992 онд Завхан аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1992-1999 онд Завхан аймгийн цагдаагийн хэлтэст ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах хэлтсийн дарга, 1999-2001 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, 2001-2002 онд тус газрын гуравдугаар хэлтсийн дарга, 2002-2007 онд тус газрын дөрөвдүгээр хэлтсийн дарга, 2007-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дарга, 2008-2012 онд Мөрдөн байцаах газрын дарга, 2012-2013 онд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, 2013-2016 онд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, 2016 оноос Цагдаагийн Ерөнхий газрын даргаар ажилласан байна.

Ө.Энхтөрийг төр, засгийн байгууллагад хариуцлагатай албан тушаал ажиллаж байсан туршлагыг үнэлж, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээр томилуулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхийг байнгын хорооны гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа