2017.01.12 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэт нэг талыг барьж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, санал дүгнэлтээ гаргалаа.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Дэлгэрцогт нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,3 дахь хэсгийг үндэслэн, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Чөлөөлөгдөх хүн нь баталгаажсаны дараа томилогдох гэж байгаа хүнийхээ тухай асуух ёстой юм шиг санагдаж байна. Хэрвээ томилох хүний тухай ярьж байтал тухайн албан тушаалтныг чөлөөлөхгүй болчихвол яах вэ?

 Сая УИХ-ын гишүүдийн ширээн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар зарчмын зөрүүтэй санал тараагдсан байна.

Хэрвээ энэ асуудлыг хэлэлцэх хэвээр байсан бол яг хэлэлцэх мөчийн өмнөхөн үзэж танилцах байсан байна. Энэ саналын томёолол дотор ажлын хэсэг гэж хэлээд цаашид ч ажлын хэсэг гэдэг дээр санал хураах гээд байгаа юм.

Энд нь миний нэр явж байгаа юм. Өөрөөр хэлбэл надад танилцуулаагүй байж санал хураах гэж байгаа хэрэг л дээ. Тухайн ажлын хэсгийн хуралд нь сууж ярих юмаа ярьсан би. Гэхдээ өөр ярих юм ч дахиад байсныг хүлээн авалгүй хүчээр энэ санал дээр санал хураалгахаар оруулж ирсэн байгааг нь эсэргүүцээд байгаа юм. Намайг олон юм ярилаа гэж ярьж байна та.

УИХ-ын дарга таны хувьд сөрөг хүчин байх үедээ сонгуулийн хуулийг нийт ард түмнээр хэлэлцүүлэх ёстой гэдэг тогтоолын төслийг өргөн барьж байсныг санаж байна. Олон нийтийн санал, бодлыг хуульд тусгах хүсэл эрмэлзэлтэй хүн юм байна гэж үнэлж суусан. Гэвч энэ сонгуулийн хууль ганц намын хүсэл бодол зорилгоор МАХН-ыг хачин их гадуурхаж байгааг мэдэж байгаа байх. Энэ нь ердөө л тус намын дарга

Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байхыг зорьж буй үйлдэл юм. Учир нь энэ хуулийн 3.22 т заасан заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг харж болохоор байгааг тодорхой зүйл заалттай нь хэлсээр байхад өөрчлөөгүй ороод ирсэн байна. Бид намын мэдэгдэлээр хэвлэлийн хурал хийж байгаа. Бага мөнгөтэй нам жижиг телевизээр гарч байгаа байх.

Гэхдээ ард түмэн биднийг ойлгож байгаа байх. Намын дэд дарга нарын хамт намынхаа байранд энэ тухай мэдэгдлүүдээ хийсэн. Бид төрийн ордонд хийгээгүй. Энэ бүхэнд манай намын үзэл, гүйцэтгэх товчооны шийдвэрүүд байгаа.

Улс төрийн намын тухай хуульд аливаа нам нь төрийн үйл ажиллагаанд сонгогдсон гишүүнээр дамжуулан оролцох эрхтэй гэдэгт үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд би намын зүгээс хэлэх зүйлээ дамжуулан хэлж байгаа юм.

Энэ бүхэн надаас хамааралгүй. Өмнө нь АН сонгуулийн тухай хуулийг боловсруулах гэж хэт улайрч байж өөрсдөө унасан. Та бүхэн ч ялгаагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэт нэг талыг барьж байгааг ард түмэн ч харж байгаа. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг шиг зүйл болох бий гэж сануулмаар байна. Зөвхөн суудал бүхий намтай хамтрана гэж заасан байгаа. Энэ мэтчилэн байж боломгүй олон зүйл заалтууд орсон байгаа шүү дээ.