Оюун-Эрдэнэ.Л 2017.01.12 | Сайт: Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Төсвийн хэлэлцүүлгийг олон нийтээс хараат байх механизмыг бий болгож ажиллаж чадах уу?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Аудиторийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

Манай улсад хариуцлага алдсан хүмүүс нь ажлын тайлангаа ч тавихгүй чимээгүйхэн шиг огцроод дараагийнхан хүн томилогдчихдог сонин тогтоц бий болжээ. Өмнө нь н.Зангад гэж хүний Аудитын байгууллагаас гаргаж тавьсан тайлангуудтай танилцаж үзсэн.

Гэтэл тэр итгэл үнэмшлийнхээ төлөө ерөөсөө яваагүй юм шиг санагдсан. Аудитын байгууллага манай улсад байдаг үгүй нь бараг мэдэгддэггүй. Тэгсэн хэрнээ төсөв нь хэд дахин нэмэгдээд явчихсан байгаа.

Зарим газрын төсөв 5 мянга дахин нэмэгдчихсэн байгаа юм. Монгол улсын нийт төсөв нь 5 их наяд төгрөг. Хөгжлийн банк нь тэр их мөнгийг аваад тараачихсан. 90 орчим хувь нь эргэн төлөгдөөгүй байгаа гэж байгаа. Энэ үед тэр хяналтын байгууллага Аудитынхан ажлаа хийхгүй хаан, юу хийж явсан юм бэ?

Эдийн засгийн хямралтай ард түмний амьдрал хүнд хэцүү энэ үед энэ байгууллага эрх, үүргээ ухамсарлаж зангарагтай ажиллах л хэрэгтэй байна.

Өмнөх дөрвөн жил шиг хариуцлагагүй зүйл яриад тайлангаа ч тавихгүй огцроод алга болохгүй юм байгаа биз дээ. Нэр дэвшигчийн хувьд нь дэмжиж байна таныг.

Та төсвийн хэлэлцүүлэг дээр олон нийтийн хяналтын механизмыг санаачилаад явж чадах уу? Ардчилал хөгжсөн дийлэнх хөгжилтэй орнуудад ийм жишгээр явдаг юм билээ.   

Монгол Улсын Ерөнхий Аудиторт нэр дэвшигч Д.Хүрэлбаатар: Ил тод байдлыг хангаж ажиллана 

Таны ярьж байгаа олон нийтээс хараат гэх зарчим бол Аудитын байгууллагын гол зарчимд багтаж байгаа. Хуулийн дагуу ил тод байдлыг хангаж ажиллах болно.