Энхболд.М 2017.01.12 | Сайт: Vip76.mn

А.Зангад эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томиллоо

А.Зангад эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томиллоо
Монгол Улсын Ерөнхий аудитор асан А.Зангад

УИХ-ын даргын нэр дээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад өргөдөл ирүүлсэн байна. Уг өргөдөлд тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын дарга М.Энхболд уг өргөдлийг Төсвийн байнгын хороонд танилцуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар А.Зангадын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн учраас үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь томилох хүнийг санал болголоо.

Төрийн аудитын тухай хуулийн 13,1, 13,2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томилуулах асуудлыг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн.  Ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр Өмнөговь аймгийн 1 дүгээр арван жил, Уралын политехникийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн. Барилгын инженер, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Мөн Удирдлагын академийг “Арга зүйн зохион байгуулалт” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Орос хэлтэй.

"Бизкон аудит" институтийг мэргэшсэн нягтлан бодогч, дотоод аудитор мэргэжлээр суралцаж, төгссөн байна.

Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, Удирдах газрын дарга, Төв аймгийн ЗДТГ-т эдийн засаг, үйлдвэрлэлийн газрын дарга, Ажлын хувцасны үйлдвэрийн дарга, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын дарга, Ажлын хувцас ХХК-ийн ерөнхий захирал, Үйлдвэр худалдааны яамын Төрийн нарийн бичгийн дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний яамны сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Одоо Монгол 555 ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Эрчим хүчний сайдын орон тооны бус зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагч, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн албыг хашиж байна.

Төрийн ажлын дадлага туршлагатай энэ хүнийг Монгол Улсын Ерөнхий аудитороор нэр дэвшүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох асуудлаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Н.Цэрэнбат, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд үг хэлж, нэр дэвшигчээс асуулт асуусан.

Ингээд санал хураалтад 55 гишүүн оролцож, 45 гишүүн зөвшөөрч, 81,8 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас А.Зангадыг чөлөөллөө.

Д.Хүрэлбаатарыг уг үүрэгт ажилд томилох асуудлаар санал хураахад 55 гишүүн оролцож, 49 гишүүн зөвшөөрч, 89,1 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn