Энхболд.М 2017.01.12 | Сайт: Vip76.mn

С.Бямбацогтын өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл батлагдлаа

С.Бямбацогтын өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл батлагдлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.

Уг тогтоолын төслийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас /Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт/ УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна.

Хууль зүйн байнгын хороо 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэр томьёог жигдлэх, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэх үед Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тогтоолын төслийн хавсралтаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс санаачлан, боловсруулах хууль, тогтоолын төсөл хэсгүүдийг хасах, эдгээр хууль санаачлагч субьектийн санаачлан, боловсруулах хууль, тогтоолын төсөл нь уг хавсралт, тогтоолын төсөлд хамаарахгүй байх гэсэн заалт нэмэх гэсэн саналуудыг гаргасан байна. Мөн УИХ-д нэгэнт мэдүүлсэн нэр бүхий хуулийн төслүүдийг хавсралтаас хасах нь зүйтэй гэж үзжээ.

Түүнчлэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23,2,3 дахь хэсэгт заасны дагуу анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн УИХ-ын гишүүдээс санаачлахаар тогтоолын төслийн хавсралтад туссан хуулийн төслүүдийг хасах, тогтоолын төслийн хавсралтад заасан хуулийн төслүүдийн нэр, хууль санаачлагчийн нэрийг өөрчлөх зарчмын зөрүүтэй саналууд гарчээ.

Ингээд байнгын хорооны гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй 10 саналаар хураасны эцэст Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл санал хураалтад оролцсон гишүүдийн 85,7 хувийн саналаар батлагдлаа. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn