УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2017.01.12

Д.Тэрбишдагва: Гүйцэтгэлийн аудит хамт хийж явах нь зүйтэй гэдгийг хэлье

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Аудиторийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэллээ.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

Д.Хүрэлбаатар нэр дэвшигчийн хувьд төрийн ажлын туршлагатай хүн учраас энэ ажлыг хийгээд явж чадна гэж үзээд дэмжиж байна. Аудитын байгууллага гэдэг бол төрийн байгууллага, УИХ-ын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт тавих эрх бүхий газар.

Өмнө нь энэ албанд байсан гурван хүн ч ажлаа муу хийгээгүй гэж үздэг. Гол нь энэ байгууллагаас гарсан дүгнэлийг хэрэгжүүлэх дээрээ л онцгой анхаармаар байгаа юм.

Энэ байгуулагаас гарч ирсэн зөвлөмж, тайлангийн хувьд маш сайн материалууд байдаг. Таньд гэж хэлэхэд гүйцэтгэлийн аудитыг үйл ажиллагааныхаа завсраар үргэлж хийгээд яваарай гэж хэлмээр байна.

Хэрвээ шийдвэр гаргаж чадахгүй гэвэл УИХ, байнгын хороодоор шийдвэр гаргуулаад хамтран ажиллах нь чухал. Яам, тамгын газруудад ч энэ гүйцэтгэх аудит хийх хэрэгтэй байгаа юм. Манай ауидитын байгууллагад маш чадварлаг мэргэшсэн хүмүүс байдгийг Монгол банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээс харж байсан.

Тийм болохоор заавал гадаадын аудит гэж их хөрөнгө, мөнгө зарж байхаар дотоодынхоо аудиторуудад итгэж харин тэдний санхүүгийн чиглэлд нь дэмжлэг үзүүлж байх ёстой юм. Гэхдээ аудитор хүн тоон судалгааны тухайд хамаагүй газар юм яриад явах нь зүй зохисгүй. Улсын нууцтай холбоотой асуудал учраас энэ тал дээр анхаарна биз дээ.