Ё.Баатарбилэг 2017.01.12 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Төв банкны Ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ гээд валютын ханш өсөж, хөрөнгө оруулалт буурсан нь бодит үнэн үү?

Ё.Баатарбилэг: Төв банкны Ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ гээд валютын ханш өсөж, хөрөнгө оруулалт буурсан нь бодит үнэн үү?
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Төв банкны хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигчээс асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Төв банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд, Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, Монголбанкнаас санхүүгийн тайлангаа УИХ, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал гээд хяналтын зөвлөл нь нилээдгүй чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах ёстой байдаг.

Өнгөрсөн намрын чуулганы эхээр Монголбанкны Ерөнхийлөгч валютын нөөц, төв банкны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-д мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээнд ихээхэн шүүмжлэл өрнөсөн байдаг.

Төв банкны Ерөнхийлөгч нь улсын валютын нөөцийг олон нийтэд ил тод зарласнаас болж валютын ханш тэнгэрт хадлаа, хөрөнгө оруулагчдад сөрөг мэдээлэл хүрлээ, энэ бүхнээс улбаалан эдийн засаг хүнд байдалд орлоо зэрэг асуудлыг сөрөг хүчин дэвшүүлэн тавьж байсан. Өнөөдрийг хүртэл ярьж л байна.

Өмнө нь Төв банкны ерөнхийлөгч УИХ-д цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байсан тохиолдол бий юу? Бодит байдалд яг тэр мэдээлэлтэй холбоотой эдийн засгийн үзүүлэлтүүд унасан гэж үү? Цаашид нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг УИХ, олон нийтэд мэдээлж байх нь зүйтэй болов уу?

Монголбанкны хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигч Д.Даваасамбуу:

Монголбанкнаас гаргасан мэдээлэл нь төвбанкны цахим хуудсанд нийтлэгдсэн байдаг. Тухайлбал, таны ярьж буй гадаад өр, нийт авлага, гадаад валютын албан нөөц, актив, пассив, түүний зөрүү бүгд Төвбанкны цахим хуудсанд бий.

Миний хувьд судлаач, багшийн хувьд өдөр бүр тус цахим хуудсанд зочилдог. Төв банкны тэргүүний гаргасан мэдээлэл бол олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэл гэдгийг дахин хэлье. Нөгөө талаар Монгол Улс нь Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд анх гишүүнээр элсэхдээ өрийнхөө асуудлыг нийтэд мэдээлж, тухайн олон улсын байгууллагуудад хүргүүлж байх үүрэг хүлээсэн.

Энэ нь дэлхий нийтэд тухайн улсад хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүст шийдвэр гаргахад тус дөхөм болох зорилготой. Монгол Улсын нууцын туахй хуулийн дагуу социализмын үед эдгээр мэдээлэл хаалттай байсан. Харин одоо бол энэ мэдээлэл ил тод, нээлттэй болсон. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа