УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.12

О.Баасанхүү: Ам.долларын нийлүүлэлт нэмэгдээд байхад яагаад ам.долларын ханш буурахгүй байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшигчээс асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Ялангуяа Орхон аймгаас УИХ-д нэр дэвшиж байсан Удирдлагын академийн багш Л.Ариунаа нэр дэвшиж байгаа нь сайн байна. Энэ бол мэдлэгт суурилсан бодлого хэрэгтэй л дээ. Эрэлт, нийлүүлэлтийн хуулийн дагуу ам.долларын нийлүүлэлт нэмэгдээд байхад яагаад ам.долларын ханш буурахгүй байгааг гайхаж байна.

Жишээлбэл, Оюу толгой компани ажилчиддаа цалингаа төгрөгөөр өгөх хуультай гээд сар бүр 40 сая ам.долларыг арилжааны банкуудад нийлүүлдэг. Мөн Төв банкнаас 20-30 сая ам.долларыг зах зээлд нийлүүлсэн байна. Тийм байхад яагаад ам.долларын ханш буурахгүй байна вэ?

Хэрэв үнэхээр ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж байгаа юм бол зарим нэг аж ахуйн нэгжүүдийг ажилчдаа ам.доллараар цалинжуулахыг хүлээн зөвшөөрч болдоггүй юм уу? Энэ үе 1500 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш улам чангарсан байна.

580 сая ам.долларын бондын төлбөрийг ирэх гуравдугаар сард Монгол Улс төлөх болно. Үүнээс гадна Худалдаа хөгжлийн банк 700 сая ам.доллар төлнө гэсэн мэдээлэл байна. Арилжааны банкуудын гадаад өр хэдий хэмжээнд хүрсэн байдаг вэ? Эдгээр арилжааны банкны өрнөөс шалтгаалж, иргэд ханшийн алдагдалд өртөөд байна гэж үзэж байна. Үүнийг буулгах боломж бий юу?

Монголбанк мөнгөний бодлого гаргадаг гэдэг утгаараа валютын ханшийн өөрчлөлт яалт ч үгүй тус банкинд хамааралтай болно. Тэр утгаараа Төв банкнаас гаргасан бодлогын хор уршгаар ард түмэн ам.долларыг үнэтэй худалдан авч байгаа нь зөв үү? Жирийн иргэдийн ам.долларын хэрэгцээ, төр засгийн ам.долларын хэрэгцээ хоёрын аль нь өндөр вэ?

Бид Хятад улсад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үүнийхээ төлбөрт Хятадын банкийг оруулж ирнэ гэж ярьж байна. Америкчууд мөнгийг хоёр янзаар ойлгодог. Нэг нь бизнесийн, нөгөө нь улс төрийн мөнгө гэдэг. Улс төрийн мөнгө гэдэг бол төрийн мөнгө. Төрийн мөнгө гэдэг нь Хятадын мөнгө.

Төрийн мөнгөөр банк байгуулах тухай асуудал ярьж, хуулийн төсөл өргөн барихаар болсон тухай олж мэдлээ. Үүнийг зөв гэж бодож байна уу?

Худалдаа хөгжлийн банк АНУ-ынх, Хаан банк Японых, Хас банк гээд гадаадын хөрөнгө оруулалттай банкууд Монголд бий. Гэтэл гадаадын банкны салбарыг Монголд оруулж ирье гэж буруу ойлголтоор тархи угааж байна."

Монголбанкны хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигч Д.Даваасамбуу:

Хяналтын зөвлөлийн ажил, үүргийн хуваарьт бодлогын асуудал төдийлөн хамааралгүй. Гэхдээ хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа нь Төв банк болон арилжааны банкуудын эрсдэлтэй холбоотой гэдэг утгаараа өөрийн санаа бодлыг илэрхийлье.

Валют, арилжааны тухай хууль, Төв банкны тухай хуульд зааснаар бол Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх гүйлгээ зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгдэнэ гэж заасан байдаг. Тиймээс цаашид Монголбанк, Монголын банкны системээр дамжиж буй бүх мөнгийг аль болох дотооддоо үлддэг байх зарчмыг баримтлах нь зүйтэй болов уу. Ингэснээр төгрөгийн ханш чангарах магадлалтай.

Тухайн улсын эдийн засаг хэр хэмжээнд хүндэрсний илэрхийлэл нь валютын ханш гэж дэлхий нийт үздэг. Тиймээс ханшийн уналт нь Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Гэхдээ цаашид таваарын бүтээгдэхүүний үнийн өсөлт нааштайгаар эргэх зэрэг хүлээлтийг бодолцож үзсэний үндсэн дээр валютын ханш буурах магадлал бий. Аливаа үнэ, ханшийн талаар ярих тусам иргэдийн хүлээлт үүсдэг учраас үүнийг бага ярих нь зүйтэй болов уу.

Хяналтын зөвлөл гэдэг утгаараа тодорхой хүмүүс гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байна уу гэдгийг тодорхой бүтцээр дамжуулж, хянаж байхад буруудахгүй байх. Зориудын валютын ханшийн хөөсрөл үүсгэж болзошгүй байдаг учраас холбогдох бүтцүүд хяналт тавих нь зүйтэй.

Монголын аль ч банк, санхүүгийн байгууллагын хувьцааг гадаадын банк, хөрөнгө оруулагчид тодорхой хувийг эзэмшдэг. Цаашид УИХ, Засгийн газар гадаадын банкны салбар оруулж ирэх, хөрөнгө оруулалтын банк оруулж ирэх эсэхээ хэлэлцэн шийдвэрлэх биз ээ.