Жавхлан.Б 2017.01.12 | Сайт: Vip76.mn

Б.Жавхлан: Л.Ариунаа та! Улс төрийн өнцгөөс ажилдаа хандахгүй байж чадах уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан тус зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Ариунаагаас асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцэн, эдгээр хүмүүсийг дэмжсэн.

Монголбанкны хяналтын зөвлөл нь хуулиараа бол Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөх үүрэгтэй. Хэрэв уг институци ажиллахгүй бол яагаад ажиллахгүй байна гэж нэхэл, дагуул болдоггүй. Идэвхтэй ажиллая гэвэл бүх зүйл нээлттэй бүтэц.

Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд уг бүтцийг сайн ажиллуулаарай гэж захимаар байна. Нөгөө талаар амбицтай байж, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломж нь хязгаарлагдмал байдаг.

Тиймээс үйл ажиллагааныхаа хэм хэмжээнд захирагдаж, сайн ажиллаарай. Нэр дэвшигчид дундаас Л.Ариунаагаас асуух асуулт байна. Та өнгөрсөн УИХ-д МАХН-аас нэр дэвшиж байсан. Таны ажил, мэргэжлийн туршлагаас хамаарч байнгын хорооны хуралдаан дээр Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллахыг дэмжсэн.

Хяналтын зөвлөл нь төв банкны Ерөнхийлөгчид зөвлөх үүрэгтэй, УИХ-ын шууд харьяаны институци, УИХ-д ажлаа тайлагнадаг. Тиймээс таны улс төрийн өнцөг, таны өрсөлдөж байсан нам одоогийн олонх болсон МАН-тай үзэл баримтлалын хувьд хэр зөвшилцөх бол?

Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Ариунаа:

Миний хувьд 1997 оноос хойш сургалт, судалгааны ажил эрхлэн явуулж буй эрдэмтэн, судлаач хүн. Сургалт, судалгааны үндсэн чиглэлийн хувьд макро эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлого юм.

Тиймээс өөрийн мэдлэг, туршлагаа Монголбанкны хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд, улс орныхоо эрх ашгийн төлөө үнэнч шударгаар ажиллах болно. 

Хяналтын зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэх явцад улс төрийн өнцөг гаргах шаардлагагүй болов уу. Учир нь хяналтын зөвлөл нь Монголбанкны үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, зөвлөмж хүргүүлэх, олон нийтийн оролцоог хангахад чиглэх болно.