УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Баярын арга хэмжээн дээр хундага тулгадаг л институци болчих вий дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ саналаа хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

"Монголбанк, Сангийн яам бол аль ч улсын орлогын талын хоёр данс юм. Бусад Засгийн газрын гишүүд, яам, тамгын газрууд бүгд зарлага гаргадаг. Өнгөрсөн дөрвөн жилийн гол алдаа бол Монголбанкинд байсан.

Төсвийн байнгын хорооны даргаас асуухад, Монголбанкны хяналтын зөвлөл өнгөрсөн хугацаанд хэдэн удаа хуралдаж байв? Миний таамаглаж байгаагаар, жилдээ  нэг удаа л хуралдсан байх. Монголбанкнаас зохион байгуулсан баярын арга хэмжээн дээр л хундага тулгадаг байгууллага болчих вий.

Манайд хяналтын зөвлөл, дүүргийн ИТХ бол иймэрхүү жишгээр л явдаг шүү дээ. Дүүргийн Засаг даргаасаа жилдээ нэг удаа шуудай гурил авсандаа баярласан улс л байдаг. Хэрэв ийм байдлаар явах юм бол бүтэхгүй.

Нэр дэвшигчдийн дунд Монголбанкны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй тус зөвлөлийн дарга, гишүүнд нилээд шийдэмгий, зоригтой хүмүүс харагдаж байна. Тиймээс олон нийтийн хүчтэй хяналтыг шинэ түвшинд гаргаж өгөөч.

Энэ дөрвөн жилийн хугацаанд хяналтын зөвлөл бол ийм байгууллага байдаг юм гээд үлгэр жишээ болохуйц ажиллах хэрэгтэй байна. Дөрвөн жилийн дараа бахь байдгаараа байж, Монголбанкны Ерөнхийлөгч нь улс төрийн нөлөөнд автаж, буруу шийдвэр гаргасан тохиодлыг давтаж болохгүй. Үүнд та бүхний дуу хоолой байхгүй, дараагийн парламентаар дахин шинэ Хяналтын зөвлөл томилбол тун харамсалтай байх болно."