Даваасүрэн.Ц 2017.01.12 | Сайт: Vip76.mn

Ц.Даваасүрэн: Монголын эдийн засгийг сөхрүүлсэн этгээдийг дуудаж авч ирээд асуудлыг нь хэлэлцэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төв банкны хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигчид хандаж үг хэлж, Эдийн засгийн байнгын хорооны даргаас асуулт асууж, санал гаргав.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

 Бага байх үеийнхээ төр одоогийн төр хоёрын ялгааг сайн мэдэж байгаа байх. Төрийн албанд ажиллаж байсан туршлагатай хүн гэж үзэж байгаа ч хэрхэн ажиллахыг нь урьдчилан тааж хэлэх боломжгүй. Нэг бол их сайн ажиллах байх. Нэг бол за яршиг даа гээд өнгөрөөж ч магадгүй л юм. Анхаарна биз дээ гэж хэлмээр байна. Байнгын хорооноос нэг зүйл асуумаар байна.

Энэ одоогийн явж байгаа хяналтын зөвлөлд ямар нэг хариуцлага тооцох ч юм уу, эсвэл тэдний хийсэн ажлын тайланг сонсох ямар алхам хийгдсэн бэ?

Эдийн засаг хүндэрчихлээ гээд түүний хор уршгийг арилгах гээд бид зүтгэж л байна. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын эдийн засгийн хувьд хамгийн их гай учруулсан хүн бол  Монгол банкны захирал гэж үзэж байгаа.

Энэ захиралыг анх томилогдох үед вальютын ханш 1440 төгрөг байсан бол энэ хүнийг ажлаа өгөх үед 2440 төгрөг болж мянган төгрөгийн зөрүүгээр нэмэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл худалдан авах чадвар муудаж эдийн засгийг сөхрүүлсэн хүн шүү дээ.

Гэтэл энэ том хохирол учруулсан хүн одоо хаана явна. Та бүхэн үе, үе холбогдох бүх байгууллагаас хүмүүс дуудаж асуугаад байгаа гэдэг. Нэг удаа ч гэсэн бодит алхам хийвал яасан юм бэ?

Энэ хүнийг хамгаалсаар яваад ийм гайд хүрчихээд байна шүү дээ. Байнгын хороо бол УИХ-аас томилогдсон албан тушаалтны хагас жилийн тайланг авч хэлэлцэх бүрэн эрхтэй.

Тогтоол ч гаргах эрхтэй. Тэгэхээр бид нэг удаа ч гэсэн Монголын эдийн засагт том уналтыг авч ирсэн огцруулах гээд ч дийлдээгүй энэ  хариуцлагагүй этгээдтэй асуудал ярьж болох уу?  

Та үнэхээр хариуцлагатай хандах гэж байгаа бол энэ асуудыг шийдвэрлэх алхам хийгээч. Нэгэнт олонхи болсон юм чинь хэдүүлээ тэр нөхрийг дуудаж авч ирээд хариуцлага ярьж болохгүй юм уу?

Өнгөрсөн хяналтын хороо юу гэж үзээд ямар үр дүн гарсан юм гээд. Хяналтын зөвлөл бол урсгал зардалд хяналт тавих эрхтэй юм билээ дээ. Тэгэхээр байнгын хороогоор миний хэлсэн саналуудыг тодорхой авч хэлэлцвэл яасан юм гэдгийг асуух гэсэн юм?

Д.Тэрбишдагва: Монгол банкны Ерөнхийлөгчийн асуудлыг ирэх мягмар гарагт авч хэлэцэнэ

Ц.Даваасүрэн гишүүний хувьд их чухал асуудал тавиад байгаа юм. Танай байнгын хороо гэж миний юм биш шүү дээ. Эдийн засгийн байнгын хороо шүү. Яамд тамгын газрууд, Монгол банкны эдийн засагтай холбоотой асуудлаар Эдийн засгийн байнгын хороо байнга асуудлыг нь сонсож ажиллаж байгаа.

Монгол банкны энэ асуудлыг дараагийн долоо хоногийн мягмар гаргийн хуралдаанаар авч хэлэлцэх гэсэн юм гишүүнээ. Монгол банкны Ерөнхийлөгч тухайн үед гадаадад явж таарах учраас хугацааны хувьд хойшлуулаад өгөөч гэсэн хүсэлт гаргасан байгаа.

Ц.Даваасүрэн гишүүний хэлдэг зөв Хяналтын зөвлөл ажиллаад яваад байвал бүх асуудалд оролцох эрхтэй юм билээ. Харин ажлаа хийхгүй тэгэсгэж явж байгаад цалинтай яваад байсан ч болох юм билээ. Тэгэхээр хяналтын зөвлөлийнхөнд хандаж хэлэхэд ажлаа сайн хийж асуудал бүрээ дор нь тайлагнаад явбал зүгээр гэдгийг ярьж анхааруулж байгаа.

Монгол банкны өмнөх Ерөнхийлөгчийн асуудлыг одоо байнгын хороогоор ярих уу үгүй юу гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан одоогийн Ерөнхийлөгчийн асуудал шийдэгдчихвэл бид Хяналтын хороотойгоо хамтраад сайн ажиллана гэж бодож байгаа.

Ер нь байнгын хороонд томилогдсон нөхдүүдийн ажлыг хагас жилээр нь дүгнэж үнэхээр сайн ажилласан байнгын хороог нь дэмжиж ажиллаад. Хариуцлага тооцох ёстойд нь хариуцлага үүрүүлээд явах нь чухал гэж үзэж байгаа.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өмнөх Ерөнхийлөгчийг өмнө нь хоёр ч удаа хамгаалж байсан одоо бол оригдуулж болохгүй

Бид хийхийг хүсэх юм бол боломж байгаа. Өмнөх Ерөнхийлөгчийн асуудлыг орхиж болохгүй яах аргаа олохгүй байгаа бол эхлээд эхний хагас жилийн тайланг нь авч хэлэлц өмнөх хэлэлцэгдээгүй байсан тайлангуудыг нь ч авч хэлц. Өмнө нь тэр нөхөрийг яг ийм байдлаар хоёр удаа хамгаалсан байхгүй юу. Ийм нөхдүүдийг хамгаалаад байвал манай эдийн засаг хэзээ ч сэргэхгүй. Яагаад гэвэл дараа дараагийн хүмүүст хариуцлага алдсан ч болох юм байна гэдэг сэтгэхүйг өгч хайнга хандаж байгаад орхиод явчихдаг асуудал гараад байна шүү дээ. Төрийн томоохон албанд зүгээр нэг айлчин, гийчин шиг ороод гардаг байдлаар хандаж болохгүй гэж үзээд миний зүгээс санал гаргаж байна. Хагас жилийн тайланг нь хэлэлцэе. Тогтоолын төсөл ч оруулж ирж ярих хэрэгтэй.

Д.Тэрбишдагва: Таны хэлсэн санал хүлээн авч тодорхой алхам хийе

Ц.Даваасүрэн гишүүний саналыг авч үзээд байнгын хорооноос тодорхой алхам хийе гэдгээ хэлье.