Ц.Даваасүрэн: Хүнийг онц, ноцтой гүтгэх үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.01.13

Ц.Даваасүрэн: Хүнийг онц, ноцтой гүтгэх үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.01.12/ Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төслийн хүрээнд тодорхой асуултыг хууль санаачлагч, ажлын хэсгээс асуусан юм. 

Ц.Даваасүрэн: Цаазаар авах ялыг сэргээх нь зүйтэй юу гэдэгт ямар байр суурьтай байна

Хуучин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ирж байна гэж ойлгох нь зөв үү? Хууль санаачлагчид нь буцаадаг хуулийн төсөлд компанид эрүү үүсгэх асуудлыг тусгасан байсан. Энэ бол маш ноцтой асуудал. Мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс хуулийн хариуцлагаас мултарч мэдэхээр заал байсан юм. Орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжсөн гэдэгт оффшортонгууд ч гэсэн орно шүү дээ. Энэ заалтыг хэвээр үлдээсэн үү, эсвэл?

Өмнөх хуульд хүнийг хүн амины хэрэг үйлдсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, энэ бол зөрчил гэсэн агуулга явж байсан шүү дээ. Онц, ноцтойгоор хүний амь хөнөөсөн гэм буруутанг цаазаар авахгүй байгааг юу гэж үзэж байна?

Хийсэн хэргүүдийг нь зүйлчлээд л нэмэр байхгүй. Ялын дээд хэмжээ л өгчихдөг. Тиймээс цаазаар авах, авахгүй тухай асуудлыг юу гэж үзэж байна?

С.Бямбацогт: Олон улсын өмнө үүрэг хүлээсэн учраас цаазаар авах боломжгүй

Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэчилсэн хуулиуд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, 2002 онд батлагдсан хуучин Эрүүгийн хуульд биш 2015 онд батлагдсан Эрүүгийн шинэчилсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон.

Уг шинэчилсэн найруулгад зөвхөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байсан. Гэвч маш олон төрлийн гэмт хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байсан учраас хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг цөөлж, холбогдох албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхаар нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Татвараас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж шинэчилсэн хуульд заасан. Уг заалтыг нарийвчилсан өгсөн. Шинэчилсэн хуульд  энэ агуулгыг ерөнхий байдлаар оруулснаас болж хуулийн хийдэл үүсэх, ял завших боломжтой гэж үзсэн учраас ийнхүү өөрчилсөн.

“Гүтгэх” нь Зөрчлийн тухай хуульд гэмт хэрэг биш, гэмт хэрэг тооцогдохгүй байхаар оруулж өгсөн байдаг. Зөвхөн Сонгуулийн үеэр хүнийг гүтгэх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно гэж заасан байна.

Монгол Улс цаазаар авах ялгүй орон болоод нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. Үүнтэй холбоотой олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн.

Цаазаар авах ялын оронд хугацаагүй хорих буюу 25 жилийн ял төлөвлөдөг хуультай. Нэгэнт олон улсын өмнө үүрэг хүлээсэн учраас цаазаар авах ялыг сэргээх бололцоо байхгүй байх.

Нэмэлт: Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр:

“Гүтгэх” нь 2015 оноос Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдахаар болсон. Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах, нэр дэвшигчдийг гүтгэхийг эрүүгийн хэрэгт тооцож, шинэчилсэн хуулийн 13,8 дахь хэсгээр зохицуулагдсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн үйлдэл бол Эрүүгийн хуулийн 21,2 дахь хэсэгт заасны тухай Худал мэдүүлэг өгөх гээд Гэрч, хохирогч нь мөрдөн байцаах ажиллагааны үед тодорхой гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгсөн, гүтгэсэн үйлдэлд 1-5 жилийн хорих ял шийтгэх хариуцлагын тогтолцоо хэвээрээ бий.

Татвараас зайлсхийсэн гэмт хэргийн хувьд 2015 онд батлагдсан Эрүүгийн шинэчилсэн хуульд учир дутагдалтай томьёологдсон байсан. Өөрөөр хэлбэл, 50 сая төгрөгөөс дээш төгрөгийн татвар төлөөгүй бол эрүүгийн хариуцлага ногдуулна гэж заасан байсан.

Энэ нь Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй байгаа бөгөөд жижиг аж ахуйн нэгжид эрүүгийн хариуцлага тооцохгүй, томоохон аж ахуйн нэгжид эрүүгийн хариуцлага тооцно гэж хөрөнгө чинээгээр нь ялгавартай зохицуулалт байсан.

Олон улсын эрүүгийн эрх зүйн онолоор бол эдийн засгийн нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж татвараа хугацаанд нь төлж чадахгүйд хүрч болно.

Татвараа төлөөгүй үйлдэл нь гэмт хэрэг биш. Татвараа төлөхөөс зайлсхийж буй, орлогоо нуун дарагдуулж, хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа зэрэг тодорхой гэмт үйлдэл гаргаж буй бол гэмт хэрэгт тооцож зохицуулдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн шинэчилсэн хуульд гэм буруутай үйлдлийн шинжүүдийг тодотгож оруулж өгсөн.

Тодруулга: УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Хэлэлцүүлгийн явцад хуулийн этгээд ял завшдаг байдлыг анхааралдаа аваарай. Мөнгө, эрх мэдэлтэй нь хуулийн гадна нь үлдчих вий гэж болгоомжилж байна. Онц, ноцтойгоор гүтгэхийг зөрчилд тооцож болохгүй. Энэ бол маш ноцтой гэмт хэрэг.

Насаараа хорих ял авчихаад дуртайгаа гүтгээд сууж байдаг гэмт хэрэгтнүүд олширно шүү дээ. Тодорхой жишээ ч байна.

Онц, ноцтойгоор гүтгэхийг олон улсад эрүүгийн гэмт хэрэгт тооцдог шалтгаан нь нийгмийн эмх замбараагүй байдал, үзэн ядалт бий болгодог учраас гүтгэх нь Эрүүгийн хуульд хамаарах ёстой. Неолиберализм буюу жижиг орны хүч чадлыг сулруулах, хүчгүйдүүлэх, хооронд нь зөрчилдүүлэхийн нэг зэвсэг бол гүтгэх учраас үүнд нилээд нухацтай хандах нь зүйтэй.