УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.01.13

Х.Нямбаатар: Ял эдэлж буй, сэжигтэн, яллагдагч, тэдний ар гэрийнхэн өнөөдрийн хурлыг анхааралтай ажиглаж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.01.12/ Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төслийг дэмжиж байгаа хэлээд, хэд хэдэн анхаарах ёстой зүйлс байгааг хэлсэн юм. 

Уг хуулийн төслийг дэмжиж байна. 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх Эрүүгийн хуульд тусгагдаагүй зүйл заалт, гэмт хэргийн шинэ ангиллууд, хөөн хэлэлцэх хугацааг тоолох зэрэг дэвшилттэй зохицуулалт оруулж ирж байгааг сайшааж байна.

Гэхдээ нэмэлт, өөрчлөлтийн төсөл биш шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр оруулж ирэх нь оновчтой байсан болов уу гэж бодож байна. Учир нь нийгэмд аюултай үйлдлээс алийг нь гэмт хэрэгт, алийг нь зөрчил тооцох уу гэдэг асуудал урган гарч ирдэг.

Зөрчилд тооцох бүх эрх зүйн эсрэг хийсэн үйлдлүүдээ Зөрчлийн тухай хууль болгон шинэчлэн найруулж оруулж ирж байгаа атлаа эрх зүйн эсрэг чиглэсэн үйлдлүүдийг гэмт хэрэг гэж үзэж буй хуулиа нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлбэрээр оруулж ирж байгаа нь зарим талаар хийдэл, давхардал үүсэх, хүний эрхийг зөрчих зэрэг эрсдэл гарч болзошгүй гэдгийг анхаарах ёстой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа анги, нэгтгэлүүдэд ял эдэлж буй хүмүүс, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, түүний ар гэрийнхэн өнөөдрийн хурлыг маш анхааралтай ажиглаж байгаа.

Эрх зүйн ямар үйлдэл, холбогдлууд дээр бидний эрх зүйн орчин дээрдэх бол, бид хэзээ эрх чөлөөтэй болох вэ гэсэн асуултад хариулт хайж суугаа. Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ нилээд нухацтай хандаж, тал талаас нь хэлэлцэж, болж өгвөл олон хүний эрх зүйн нөхцлийг дээрдүүлж, гэм буруугаа ухамсарласан хүмүүст эрх чөлөөтэй болох боломж олгох нь зүйтэй.

Нөгөө талаас төрийн эрүүгийн бодлогоор зарим төрлийн үйлдэл холбогдлуудтай тэмцэх тэмцлийг чангатгах тал дээр ч анхаарч, гишүүд бүгд уг асуудалд хариуцлагатай хандаж, хуулийн төслийг нэн яаралтай батлуулах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хэлсэн “гүтгэх, доромжлох” гэсэн үйлдэл, холбогдол дээр бид нухацтай хандах ёстой байсан. Гэвч Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу хууль санаачлагч хуучин хэлбэрээр оруулаад ирлээ. 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлээд анхны “гүтгэх” хэргийн эзэн холбогдогчоор нэгэн сэтгүүлч болж, Монголд энэ төрлийн гэмт хэргийн анхны баривчлах ялаар шийтгүүлж байсан.

Хэрэв “гүтгэх” гэдгийг эрүүгийн гэмт хэрэгт тооцвол энэ нь эргээд сэтгүүлчдэд халгаатай хууль болох болно гэж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэллээ.

“Гүтгэх”, “доромжлох” үйлдэл зөвхөн сэтгүүлчдэд хамааралтай асуудал биш. Өнөөдөр хэн дуртай нь хүний нэр төр, алдар хүндэд халдаж байгаад төрийн хариуцлага, ял шийтгэлийг ногдуулах нь зүйтэй.

Ялын төрлүүдээс “зорчих ялыг хязгаарлах” тухай ярилаа. Энэ үйлдлийг ялгамжтай хэрэглэх эсвэл уг ялын хэрэгжих хугацааг хойшлуулахгүйгээр нэг мөр нэг талдаа гаргаж, шийдэх ёстой гэсэн саналтай байна.

Мөн Эрүүгийн хуулийн системчлэлийг шинэчилсэн хуульд заасан хэвээр нь оруулж ирэх нь зүйтэй байсан гэж бодож байна. Учир нь өнөөдөр хууль хэрэглээний практикт нэмэлт, өөрчлөлтийн төслөөр оруулж ирж буй системчлэлийн хэлбэр нилээд төвөг учруулна даа гэдгийг хэлье.