Энх-Амгалан.Л 2017.01.13 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Иргэдийн хохирлыг барагдуулах, цахим гэмт хэрэг, малын хулгайг яаж зохицуулах вэ?

Л.Энх-Амгалан: Иргэдийн хохирлыг барагдуулах, цахим гэмт хэрэг, малын хулгайг яаж зохицуулах вэ?
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.01.12/ Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдийн хохирлыг барагдуулах, цахим гэмт хэрэг, малын хулгай гэсэн гурван асуудлын хүрээнд зарим зүйлийг тодруулсан юм. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хэд хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна.

Нэгд, иргэдээс хамгийн их асуудаг зүйл бол тэдний хохирлыг барагдуулах үүднээс эрх зүйн шинэ орчин бий болгохгүй юм бол өнөөдрийг хүртэл мөрдөгдөж буй Эрүүгийн болон холбогдох хуулиуд хулгай хийсэн, бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан хүмүүсийг хорьдог. Ял авсан хүмүүс хэсэг хугацааны дараа шоронгоос суллагддаг.

Гэтэл ихэнх хүмүүс тухайн этгээдийн өөрт нь учруулсан хохирлыг нөхөн төлүүлж чадахгүй байна гэдэг. Эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч буй хүмүүсийн хохирлыг барагдуулж чадахгүй л байна. Тиймээс уг хуулийн төсөлд иргэдийн хохирлыг барагдуулах талын ямар шинэ зохицуулалт, зарчмуудыг тусгасан бэ?

2015 онд батлагдсан Эрүүгийн шинэчилсэн хуульд, төр өөрөө иргэнийхээ хохирлыг барагдуулж, гэм буруутай этгээд төр хариуцлага тооцох зохицуулалтыг оруулж өгсөн нь өмнөх Эрүүгийн хуулиас шинэлэг болсон гэж үздэг.

Хоёрт, цахим гэмт хэрэг гэж шинэ ойлголт гарч ирсэн. Эрүүгийн шинэчилсэн хууль цаг үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан байх ёстой. Үндсэндээ залилан, гүтгэлэг, доромжлол зэрэг нь цахимжиж байна. Тэгвэл эдгээр гэмт хэрэг, зөрчил гарсан тохиолдолд ямар зохицуулалт хийх вэ?

Фэйсвүүк, твиттер зэрэг сошиал сүлжээгээр дамжуулан зохион байгуулалттайгаар хүний нэр төрд халддаг, олон нийтийг үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын эсрэг өдөөн турхирдаг бүлэг этгээд бий болсон байна.

Тоон гарын үсгийг дууриаж байна, хуурамч гүйлгээ хийгдэж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ямар байдлаар туссан бэ?

Гуравт, малын хулгай хэрээс хэтэрлээ. Малчид өөрсдийн амь зуулга болсон хэдэн малаа алдчихдаг. Тэр үед “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч болдог олон зуун малчин байна. Ер нь малын хулгайнаас болж эд хөрөнгөөрөө хохирдог олон малчин бий. Малын хулгайн тухай шинэ зохицуулалт хийхгүй юм бол цөөхөн хэд хоног барьж хорьчихоод сулладаг. Тиймээс шинэчилсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр малын хулгайг яаж зохицуулах вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Эрүүгийн шинэчилсэн хуульд нилээдгүй шинэчилсэн зохицуулалт оруулж өгсөн байдаг. Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч мөн ялгаагүй. Тэр дундаа иргэнд учруулсан хохирлоо барагдуулсан бол ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгаж өгсөн.

Нөгөө талд, одоогийн батлагдсан хуульд “хохирогчтой эвлэрсэн байх” гэсэн шаардлагыг тавьж, энэ шаардлага нь юу болохыг тодорхой оруулсан байдаг. Харин нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “заавал хохирогчтой эвлэрсэн” байх ёстой гэсэн шаардлагыг урьдал болголгүй, нэгэнт хохирлоо барагдуулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол ялыг хөнгөрүүлэх асуудлыг тусгаж өгсөн байгаа.

Хуулийн төслийн 26 дугаар бүлэгт “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гээд хэд хэдэн тодорхой зүйл заалтууд бий.

Тухайлбал, цахим мэдээлэлд хууль бусаар халдах, цахим мэдээллийн системд хууль бусаар халдах програм, хэрэгсэл бэлтгэх, борлуулах, хор хөнөөлт програм хангамж бүтээх, ашиглах, тараах зэрэг байдлаар тодорхой заалтууд оруулж өгсөн.   

2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих Эрүүгийн шинэчилсэн хуульд малын хулгайтай холбоотой гэмт хэрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял ногдуулахаар заасан байдаг. Үүнийг тодорхой хэмжээнд зохицуулах зүйл заалтууд нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан байгаа.

Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр:  

Малын хулгайг нэмэлт, өөрчлөлтийн төслийг ялгамжтайгаар оруулж өгсөн. Тодруулбал, бусдын малыг хулгайлсан бол нэг мал хулгайлсан ч 2-8 жилийн ял, тэр нь тэнсэн авах боломжгүй, шууд хорих ял байсан. Тиймээс малын хулгайг гурав хувааж зүйлчилсэн.

Хуулийн төслийн 17,12 дахь хэсэгт бусдын малыг хулгайлсан бол хорих ялын дээд хэмжээг 5 жил, харин олон тооны малыг хулгайлсан бол 2-8 хүртэл тус тус хорих ял шийтгэхээр оруулж ирсэн бөгөөд энэ нь хүнд гэмт хэрэгт тооцож байна. 

Мөн малын хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралынхаа эх үүсвэрийг болгосон зохион байгуулалттай гэмт бүлэг бол 5-12 жилийн хугацаанд хорих ял шийтгэх чанга хатуу ялын санкци оруулж өгсөн.  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn