Баасанхүү.О 2017.01.13 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Хохирогчийг биш хохироогчийг хайрласан хууль болчих гээд байна

О.Баасанхүү: Хохирогчийг биш хохироогчийг хайрласан хууль болчих гээд байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.01.12/ Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслүүдийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Өмнө нь Эрүүгийн хуулийг нилээд яаруу сандруу хэлэлцэж, цөөн хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Энэ удаад мөн ингэж яаравчлах нь зөв үү, буруу юу? Үүний дараас Захиргааны хариуцлагын тухай гэсэн маш том хуулийн төсөл оруулж ирнэ. Тиймээс эдгээр хуулийн төслийг яаравчлан хэлэлцэж батлуулах гэдгийг бодолцож, чуулганы хуралдаандаа суухгүй байгаа гишүүдийг зарлах нь зүйтэй байх.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг ойлгож байна. Гэхдээ ажлын хэсгийг сайн ажиллуулахаас гадна салбарын мэргэжилтнүүдийг сайн сонсох хэрэгтэй. Өмнөх парламентад Зөрчлийн тухай хуулийн төсөлд ажилласан ажлын хэсэг, мэргэжилтнүүд Эрүүгийн хуулийн төсөл дээр ажиллаж байсан. Тухайн үед тэр хүмүүс бүхнийг мэдэгч юм шиг аашилж байгаад нилээн төвөгтэй байдал үүсгэсэн.

Ард түмэн тухайн гэм буруутай этгээдэд тохирсон ялыг оногдуулах, хуулийг сонголтгүйгээр хэрэглэдэг болохыг хүсч байгаа. Баян, ядуугаас үл хамааран гэм буруутай үйлдлийнхээ хариуд адилхан ял шийтгэл оногдуулдаг байгаасай гэж хүсдэг.

Нэгд, “Халаасны хулгай хийсэн хүнийг албадан хөдөлмөрлүүлнэ” гэж хуулийн төсөлд оруулсныг сайн ойлгохгүй байна. Ажилгүй хүн хулгай хийж байгаад баригдаад, төр тэр хүнд ажил олж өгөх гэж байгаа юм шиг ойлгогдоод байна л даа. Үүний оронд дахин хулгай хийдэггүй болгомоор байна.

Хоёрт, Малын хулгайн асуудлаар, нэг үхэр тэжээх гэж малчид зовж байгаа. Гэтэл хуулийн төсөлд олон мал хулгайлсан бол хариуцлагыг нь өндөржүүлье, цөөхөн бол бага хариуцлага ногдуулья гэж болохгүй.

Хулгай л бол хулгай. Их үү, бага уу гэж байдаггүй. Үйлдлээр нь тооцдог. Банк дээрэмдэх гэтэл мөнгө байхгүй байсан. Мөнгө аваагүй учраас өршөөе гэж ярьдаггүй шүү дээ. Тиймээс хулгай хийсэн үйлдлийг нь анхаармаар байна. Өөрөөр хэлбэл, хулгай хийж байна гэдэг нь иргэний амьжиргааны эх үүсвэр, ажлын байрыг булааж байгаатай адил. Харахад мал боловч малчид малдаа маш их хайртай.

Нэг талаас халаасны, орон байрны хулгай нь ядууралтай шууд холбоотой. Нөгөө талаас хулгай, танхайн гэмт хэрэг нийгэмд хавтгайрлаа. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд бодлого гаргах хэрэгтэй.

Гэм буруутай этгээдийг иргэнд учруулсан хохирлыг төлүүлэхийн төлөө тэмцэх хэрэгтэй байна. Хохирогчийг хайрласан биш хохироогчийг хайрласан хууль болчих гээд байна.

Хуулийн төсөлд, Зөвхөн хуулийн этгээдэд ял өгдөг байсныг өөрчилсөн гэдгийг сайн ойлгохгүй байна. Аж ахуйн нэгжийн ард хүн л байгаа шүү дээ. Үндсэн хуульд, гэм буруутай этгээд өөрт тохирсон ял шийтгэлийг хүлээнэ гэж зааснаас биш түүний гэм бурууг үр хүүхдэд нь нялзаах хэрэггүй. Тиймээс бусдын хөрөнгийг хураах, хүний хувийн өмч рүү халдах гэдгийг бодох хэрэгтэй.

Нэг талаас хохирогчийг хариуцлагажуулж байгаа мэт боловч тухайн хүнийг шийтгэж байна гээд өөр бусдыг хохироодог байж болохгүй шүү дээ.

Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үеэр сэтгүүлчид нийлж гүтгэсэн. Дараа нь гэм буруугаа хүлээж, тухайн сэтгүүлч надаас уучлал гуйсан боловч үүнийг нэг ч хэвлэл авч хэвлээгүй. Гэхдээ сэтгүүлчдийн эсрэг үг хэлэх гэсэнгүй. Гол нь хүн үндэслэлгүй гүтгэхээ болих хэрэгтэй. Зарчим бол зарчим. Тиймээс зөвхөн Сонгуулийн үеэр тухайн нэр дэвшигчийг гүтгэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг биш буруу зүйл хийсэн л бол хариуцлага хүлээдэг байя." 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn