Үндсэн хууль чадамжтай хэвээрээ юу?
2017.01.13

Үндсэн хууль чадамжтай хэвээрээ юу?

Үндсэн хуулийг баталсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгонбүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага хурлаар дөрвөн удаа хэлэлцүүлсэн байдаг.

Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног хэлэлцэж байж баталсан түүхтэй. Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн  тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд дөрвөн ч удаа өөрчлөлт оруулсан байдаг. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн парламентын үед уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэг байгуулсан ч цаг хугацааны хувьд амжаагүй учраас хойшлуулсан юм. Харин энэ үед эцэг хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулаад байгаа юм.

Үндсэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламент хөндөж ажлын хэсэг байгуулж ажилласан байдаг. Эцэг хуулийн баталсан өдөр тохиож буйтай холбогдуулан Үндсэн хууль өнгөрсөн хугацаанд үүргээ хэр биелүүлсэн бэ, энэ хуулийн чадамж хэр байгаа талаар зарим гишүүний байр суурийг сонслоо.

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд зарим нэг өөрчлөлт оруулах ёстойг мэдэрч байна

Үндсэн хууль үйлчилж эхлээд 25 жил боллоо. Энэ хугацаанд Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал бэхжиж, чөлөөт эдийн засгийн харилцаа ноёрхож, хүний эрх чөлөөний баталгаа дээшилсэн. Монголчууд өнөөдөр чөлөөт зах зээлийн харилцаатай, эрх зүйт төрийн нөхцөлд амьдарч байна.

Д.Лүндээжанцан

Энэ бүхэн Үндсэн хуулийн үр дүн гэж манайхан ярьдаг. Гэхдээ улс орны үндэсний аюулгүй байдлын дархлааны асуудал, парламент ёсны төлөвшил гүйцсэн үү, иргэдийн амьжиргааны төвшин, баян, хоосны ялгаа ядуурал гэх мэт олон асуудал биднийг хүлээж байна.

Цаад утгаараа төрийн механизм тогтолцоо эдийн засгийн хөгжлөө саатуулах биш чирээд явах чадвар байна уу, үгүй юу гэдэгт дүн шинжилгээ хийх ёстой. Энэ бол обьектив шалтгаан. Бүх шалтгаан нөхцөл Үндсэн хуулиас болсон гэж үзэхгүй байна. Ер нь хариуцлагын тогтолцоо байна уу үгүй юу. Нийгэм урагшаа хөгжөөд яваа үед зарим нэг өөрчлөлт гарцаагүй гарна. Би хувьдаа хуульд өөрчлөлт оруулахгүй гээд байгаа хүн биш. Үндсэн хуульд зарим нэг өөрчлөлт оруулах ёстойг мэдэрч байна. Гэхдээ зөв хийх ёстой.

Гүйцэтгэх засаглалдаа хариуцлагын тогтолцоог суулгаж, хяналтаа тавьдаг механизмыг яаж суулгах өгөх вэ, шүүх эрх мэдлийг шударга ёсны баталгаа болгох зүйлийг хийж өгөх, дутуу дулимаг зүйлээ тодруулж, нарийвчилж өгөх асуудал гэж харж байна.

Д.Хаянхярваа: Үндсэн хуулийн өөрчлөлтөд маш нухацтай хандах ёстой

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхийг ард түмэн манай намд өгсөн. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах боломж бий. Манай намын бүлгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулсан.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

Д.Лүндээжанцан гишүүн ахалж байна. Энэ асуудлыг 'олон нийт төдийгүй УИХ-ын гишүүд ч их ярьж байгаа. Тийм учраас энэ парламентын үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байна. Үүнтэй холбоотойгоор манай бүлгийн гишүүдээс, зарчмын санал гаргасан. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулъя гэж байгаа юм.

Гэхдээ Үндсэн хуульд оруулах зарчмын өөрчлөлтөө тохиролцож чадвал ийм өөрчлөлт хийх нь зөв үү буруу юу гэж ард нийтээс асууна гэсэн үг. Мөн өөрчлөлт оруулахаар боллоо гэхэд улстөрчид төдийгүй эрдэмтэн, судлаач, эдийн засагч, хуульчид гээд нийгмийн бүхий л салбарын төлөөллийг оролцуулж хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нэг намын эрх ашигт нийцүүлээд хийчих ажил биш. Улс орны тусгаар тогтнол, гурван сая иргэний эрх ашиг гээд олон зүйл ард нь хөндөгдөх учраас Үндсэн хуулийн өөрчлөлтөд маш нухацтай хандах ёстой. Өөрөөр хэлбэл, олон хүний саналыг авч байж нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй.

Ж.Бат-эрдэнэ: Нийгмийн шаардлагаар өөрчлөх хэрэгтэй болоод байна

Үндсэн хууль бол бүх хуулийн эцэг шүү дээ. Энэ утгаараа үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Улс орон, эдийн засаг хөгжихийн хэрээр нийгмийн бүтэц зохион байгуулалт, хөгжилтэй холбоотойгоор хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарч байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

 Үүнийг нийгмийн шаардлага гэж ойлгох хэрэгтэй. Өмнөх парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачлага гаргасан ч цаг хугацааны хувьд амжихааргүй болоод больсон л доо. Нэгэнт л эх орон, ард түмнийхээ өмнө хууль тогтоох үйл ажиллагаанд чин сэтгэлээр хандана гэж тангараг өргөсөн гишүүдийнхээ хувьд хэний, ямар Засгийн газрын үед юм уу аль нам хэдүүлээ байна гэдгээс үл хамааран хуулиа шинэчилж, өөрчлөх, сайжруулах шаардлагатай бол хийгээд л явах хэрэгтэй.

Тэгээд ч нам олонх боллоо гээд улс орон уруудсан түүх гэж байхгүй. Бүгд л тангараг ергөөд УИХ- ын гишүүн болдог учраас энэ утгаар нь авч үзэх хэрэгтэй. Төр, засаг бохир боллоо, улстөрчдөд итгэх итгэл алдагдсан гэж байна. Харин энэ бүхэн маань эргээд сонгуультай холбоотой болчихоод байна шүү дээ.

Тэгэхээр нийгмийн байгуулалтаа зөв болгох. Үүнээс үүдэлтэйгээр сонгуулийнхаа системтэй уялдуулаад улс төрийн институцээ зөв, цэвэр байлгах талаас нь уялдуулж, Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой.

Ингэснээр нийгэм урагшлах, наанадаж төрийн институцээ зөв ажиллуулах нөхцөл бүрдэх юм.

М.Оюунчимэг: Үндсэн хуулийн зүйл, заалт бүрийг ягштал мөрддөг бол бүрэн чадамжтай байгаа

Улс орон хөгжихийн хэрээр амьдрал урагшилна. Үүнтэй холбоотойгоор бид хууль дүрмээ улам боловсронгуй болгоод явдаг жамтай. Манай Үндсэн хууль бол маш сайн боловсруулсан хууль. Маш олон хүн, маш удаан хугацаанд ажиллаж байж гаргасан учраас сайн болохоос ч аргагүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Бидний өнөөдрийг хүртэл мөрдөж байгаа Үндсэн хуулийн хувьд ямар ч байсан хэрэгцээ, шаардлагыг хангасан. Хэрвээ зүйл, заалт бүрийг нь ягштал даган мөрдөж чаддаг бол голохооргүй хууль гэж үздэг шүү дээ. Гэхдээ улс төр, нийгэм, эдийн засгийн бодит байдлаас харахад эх хуульдаа зарим нэг зохицуулалт хийхгүй бол болохгүй нь гэх дүгнэлтийг олон нийт хийгээд байгаа.

Энэ нь юуг хэлээд байна гэхээр төрийн гурван институц буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын эрх мэдэл, зааг, хариуцлага, үүрэг, эрх нь ямар төвшинд байх юм. Засгийн газраа яаж тогтвортой ажиллуулах юм. Хууль тогтоох байгууллага нь ямар байх ёстойг тодорхой болгохгүй бол бүгд дарга юм шиг. Гэсэн атлаа яг хариуцлага хүлээх болохоор хэн нь ч эрх мэдэлгүй юм шиг ойлгомжгүй болчихоод байна л даа.

Угтаа одоогийн мөрдөж буй Үндсэн хуулиар бид УИХ нь Ерөнхий сайддаа, Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа гишүүдэд хариуцлага тооцох заалттай. Гэтэл эдгээр заалт амьдрал дээр хэрэгжихгүй байна. Ийм нэг ойлгомжгүй байдал үүсээд байгаа учраас л хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэж үзээд байгаа юм. Гэхдээ үүний тулд бид ард түмнээсээ асуух ёстой.

Түүнчлэн Үндсэн хуулийг батлалцсан болон хуулийн салбарт мэргэшсэн боловсон хүчин, судлаачдын үгийг сонсох нь зүйтэй юм. Ингэхдээ хууль өөрөө нийгмийн шаардлага хангахгүй байна уу эсвэл Үндсэн хуулийнхаа зүйл заалт бүрийг мөрдөхгүй байгаа учраас өөрчлөх шаардлага үүссэн үү гэдгийг нарийн судалж байж өөрчлөлт оруулах хэрэгтэй.