Ерөнхийлөгчийн сонгуулиас 6 сарын өмнө хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэж үзэж байна
2017.01.13

Ерөнхийлөгчийн сонгуулиас 6 сарын өмнө хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэж үзэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан УИХ-д суудалгүй намуудын төлөөллийг оролцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх байр суурийг нь сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бие даасан хуультай болох байгаа нь зөв ч Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн УИХ-ын тогтоолын төсөл байгаа. Энэ тогтоолын төсөл хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад ингэж хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэдгийг намуудын төлөөлөл онцолж байв. Түүнчлэн МАН, АН ээлжлэн төрийн эрхийг барихдаа хуулиудыг өөрсдөдөө тохируулан өөрчилдөг байдлаа халах хэрэгтэй. Тэгээгүй нөхцөлд энэ төрлийн маргаан тасрахгүй хэмээж байсан юм. 

МҮАН-ЫН ДАРГА Б.ЦОГТГЭРЭЛ:

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусад нь гаргаж өгсөн нь зөв. Хуулийг харж, судалж байхад Үндсэн хуулийн суурь заалтуудад тулгуурласан хууль болсон гэж бодож байна.

Б.Цогтгэрэл

Бусад улс төрийн хүчнийхний яриад байгаа шиг нэг намд зориулсан хууль гэж харахгүй байна. Насны хязгаар, нэр дэвшүүлэх зүйл заалтууд ч гэсэн өмнө нь байсан сонгуулийн хуультай ижил байсан. Тиймээс МҮАН-ын зүгээс Монгол Улсын нийгэм эдийн засагт үнэлэлт, дүгнэлт хийгээд засаглалын салаа мөчрийг харж байхад зайлшгүй Үндсэн хууль өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй цагт зарчмын ахиц дэвшил гарахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бүгдээрээ анхаарч байгаа учраас Ерөнхийлөгчийн санал хураах үеэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх олон нийтийн санал асуулгаа хамтад нь явуулах ёстой гэсэн санал гаргаж байгаа.

ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЛИЙН НАМЫН ДАРГА Г.УЯНГА:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа нь талархууштай.

Г.Уянга

Сонгуулийн тухай хууль гаргахаасаа өмнө сонгогчдын бүтцэд орсон өөрчлөлтийг анзаарах хэрэгтэй. Тухайлбал МАН, АН хоёр 180 мянга, 160 мянган гишүүнтэй гэж өөрсдийгөө ярьдаг. Тэгэхээр 300 гаруй мянган хүн намын харьяалалтай байна гэсэн үг.

Гэтэл өнгөрсөн 2016 оны сонгуулиар нэг сая 900 мянга гаруй иргэн санал өгсөн. Тэгэхээр намын харьяалалтай 300 мянга орчим хүнийг хасахаар үлдсэн сонгогчид нь ямар нэг намын харьяалалгүй гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр том нам энэ хүмүүсийн төлөөлөл болж чадахгүй байгаа цагт өөр ямар бололцоог Ерөнхийлөгчийн сонгуулиар олгох ёстой.

Бүх ард түмэн төрийн тэргүүнээ сонгодог энэ сонгуульд сонгогчдын энэ том бүлгийг хаяж болохгүй гэж бодож байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар намын бус сонгогчдынхоо эрх ашгийг бодож шийдвэр гаргах ёстой. Үүний дагуу АН намуудын төлөөллийг хүлээж авч уулзаж байгаа гэж бодож байна.

СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ДАРГА Р.БУРМАА:

-Энэ хуулийг ер нь бол дэмжихгүй. Учир нь өнгөрсөн парламентын үед хамгийн олон намын төлөөлөлтэй байсан.

Р.Бурмаа

Энэ үед Сонгуулийн нэгдсэн хуулийг маш олон талын судалгаа, шинжилгээ, хэлэлцүүлэг хийж байж баталсан. Шинээр өргөн барьсан хууль өмнө 1993 оны хуулийн заалтуудыг тусгасан байна.

Түүнээс гадна шинээр өргөн барьсан хуульд нэр дэвшигчдийг цөөхөн байлгах гэсэн санааг агуулсан нь зөвхөн нэг намд зориулсан хууль гэж хардахаар байна.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад тавих хяналт байхгүй болж байна. Нэг сонгогч шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд шилжин очсон газраа хурууны хээгээ бүртгүүлэх боломжтой байсныг нь хассан байна. Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан сараас өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн УИХ-ын тогтоол одоо болтол хүчин төгөлдөр байгаа.

Гэтэл одоо энэ хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй байна.