УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.01.13

Л.Мөнхбаатар: Хөгжлийн банк угаасаа л ашигтай ажиллах ёстой шүү дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тус хуулийн төслийн хэд хэдэн заалтыг дурдаж, эдгээр заалттай холбоотой асуултыг хууль санаачлагчаас асуусан юм. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Нэгд, Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийн 5,2 дахь хэсэгт “Хөгжлийн банкийг байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-д танилцуулна” гэсэн байна. Хөгжлийн банкийг байгуулсан тохиолдолд түүнийгээ УИХ-д танилцуулахын шаардлага, эрх зүйн үр дагавар нь юу вэ? УИХ-д танилцууллаа гэхэд чуулганы хуралдааны үеэр Хөгжлийн банкийг татан буулгах, өөрчлөн байгуулах эрх нь УИХ-д байгаа юу?

Хоёрт, хуулийн төслийн 7,1 дэх хэсэгт ашигтай ажиллах, хариуцлагатай байх гэсэн хоёр зарчмыг оруулж өгчээ. Энэ нь зарчим мөн үү? Банкны үйл ажиллагааг тогтвортой явуулах, хараат бус, ил тод байх гэдэг нь зарчим мөн байх. Тэгвэл “ашигтай ажиллах”, “хариуцлагатай байх” гэдэг нь зарчим мөн үү гэдгийг дахин асууя.

Нэгэнт хуулийн төслийн 5,1 дэх хэсэгт Хөгжлийн банк нь ашгийн төлөө байгууллага гэж заачихсан юм чинь тус банк угаасаа ашиг олох ёстой л гэсэн үг. Тиймээс ашигтай ажиллах гэдгийг хоёр дахиад оруулах нь зөв үү?

Гуравт, хуулийн төслийн 7,2 дахь хэсэгт Компанийн сайн засаглалын дараах зарчмыг баримтална. Үйл ажиллагаатай холбоотой шийдвэр нь хамтын удирдлагад үндэслэгдсэн байх, хараат бус хөндлөнгийн хяналттай байх гэсэн хоёрхон зарчим оруулж өгчээ. Компанийн засаглалын талаар өөр хэд хэдэн зарчим байдаг байх. Эдгээрийг мөрдөж дагах байх гэж бодож байна.

Дөрөвт, хуулийн төслийн 10,2 дахь хэсэгт, Хөгжлийн банк төсөл, хөтөлбөрийг хамтран санхүүжүүлж болно гэж заасан байна. Хэнтэй хамтрах вэ? Засгийн газар уу, бусад ижил төстэй банкуудтай уу зэргээр тодорхой зааж өгөх бололцоотой юу?

Тавд, хуулийн төслийн 18 дугаар зүйлд Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байна гээд дараагийн заалтад хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байна гэж заажээ. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн хурал, Засгийн газар гэдэг нь нэг зүйл гэж ойлгогдохоор байна.

Зургаад, хуулийн төслийн 19, 3 дахь хэсэгт Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргыг удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар томилно гэсэн хатуу заалт байна. Засгийн газар тус банкны цорын ганц хувьцаа эзэмшигч болж байна. Тэгсэн атлаа ТУЗ-ийн даргыг сонгохдоо дийлэнх олонхийн саналаар томилно гэдэг нь хэр оновчтой вэ? Заавал дийлэнх олонх биш олонх гэж заах боломж бий юу?

Долоод, хуулийн төслийн 21,5 дахь хэсэгт, Гүйцэтгэх захирлын үүрэг дотор шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх эрх гэж зааж өгчээ. Энэ нь захирлын эрх биш үүрэг байлтай.

Наймд, Хөгжлийн банкинд санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч ажиллахаар зааж өгсөн байна. Хуулиараа Хөгжлийн банк нь ашгийн төлөө төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай байгаа шүү дээ. Тэгвэл ийм статустай газар санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч тусгайлан ажиллах шаардлагатай юу?