2017.01.13

Б.Бат-Эрдэнэ: Цаашид Хөгжлийн банк хатуу хяналттай ажиллахгүй бол өмнөх алдаагаа давтах аюултайг бодох хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ, 

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Цаашид Хөгжлийн банк хатуу хяналттай ажиллахгүй бол өмнөх алдаагаа давтах аюултайг бодох хэрэгтэй. 2008 оноос Хөгжлийн банк байгуулах нь зөв зүйтэй гэж ярьсаар байж энэ хуулийг батлаж Хөгжлийн банк бий болж байсан.

Тухайн үед хэлцэгдэж байсан зорилго биелэлээ олсон бол өдийд улс орны хөгжил, эдийн засгийн хувьд маш том хувь нэмэр оруулах байсан юм. Харамсалтай нь тэр төсөл бодит үр дүнгээ өгч чадсангүй. Энэ асуудлын талаарх хууль санаачлагчдын зүгээс ямар үнлэлт, дүгнэлт хийж байгаа вэ?

Хөгжлийн банк ашигтай ажиллах төслүүдэд л эргэн төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалт хийх байсан. Бид энэ хуулийг батлах үед 2011 онд 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкинд гаднаас оруулж ирсэн 500 гаруй сая доллартай нь хамт хүлээлгэж өгч байсан.

Одоо тэгэхээр Хөгжлийн банк бондын мөнгийг хэр зэрэг үр дүнтэй ашигласан бэ гэдэгт тулгуурлаж гарсан шалгалтын үр дүнгээс харж байхад арилжааны банкуудаар хийгдсэн зээлүүд Хөгжлийн банкнаас харицангуй дээр үр дүнтэй зарцуулсан байгаад байдаг. Төмөр замын төсөл хөтөлбөр, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор гээд томоохон төсөлд эргэн төлүүлэх нөхцөлтэй гэрээ хийсэн ч одоо сураггүй болсон.

Энэ мэт төрийн нэрийн өмнөөс банк байгуулчихаад ийм байдалтай авч яваад байвал нийгэмд сөрөг үр дагавартай. Ирэх дөрвөн жилд ч гэсэн энэ байдлыг маш сайн хянаж явах нь зүйтэй. Хөгжлийн банкны томилгооны хувьд дэмжиж байна. Хүний нөөц нь мэдлэг, туршлагатай байж чадвал цаашид энэ асуудлыг таслан зогсоох боломжтой гэж үзэж байгаа юм.