Чинзориг.С 2017.01.16 | Сайт: Vip76.mn

С.Чинзориг: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй

УИХ-ын гишүүн С.Чинзориг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг өмнөх парламентад Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа санаачилж, өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ, Засгийн газрын хуралдаанаар дахин оруулж ирж хэлэлцүүлэн, батлуулахыг хүссэн юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэдэгтэй санал нэг байна. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх найруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. 1999 онд анх Хөдөлмөрийн тухай хууль батлагдаж, үүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Шинэчилсэн найруулга хэлбэртэй зарчмын томоохон өөрчлөлт одоо хир нь ороогүй байдаг.

2015 онд миний бие Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж явлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн юм. Мөн оны наймдугаар сард МАН Засгийн газраас гарсны дараа тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд сөрөг хүчний гишүүний өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй гээд автоматаар буцаасан.

Харин одоо бол уг шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар дахин оруулж найруулга, нэр томьёоны шинжтэй засварууд байвал оруулнсы үндсэн дээр батлах бүрэн боломж нээлттэй байна. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын санаачилсан Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгын төслийг хамтад нь хэлэлцэн баталж болох юм.

1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд шийдвэл зохих олон асуудал бий. Зөвхөн хөдөлмөрийн маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх явц хэт удаан, гэрээсээ алслагдмал буюу орон нутагт ажиллаж буй залуучуудад ажлын цаг гэж байдаггүй, өдөр шөнөгүй ажиллуулдаг, нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг хэдээр үнэлэх нь тодорхой биш гээд дурдаад байвал асуудал бишгүй бий.

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилсэн найруулах нь зүйтэй. Ганц, нэг асуудлыг шийдэх замаар нэмэлт, өөрчлөлт оруулах нь зохимжгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн асуудал нь макро эдийн засгийн үндсэн суурь хууль юм. 

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталснаар оюутнуудын цагийн ажил, тэднийг ажлын байртай болгох зэрэг өргөн цар хүрээтэй асуудлыг нэг мөр шийдэх боломжтой."

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn