Н.Амарзаяа 2017.01.16 | Сайт: Vip76.mn

Н.Амарзаяа: Цагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил олгогчийг 5-10 сая төгрөгөөр торгоно гэдэг бол хатуу заалт

Н.Амарзаяа: Цагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил олгогчийг 5-10 сая төгрөгөөр торгоно гэдэг бол хатуу заалт
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хуулийн төслийг чамбайруулах үүднээс хэд хэдэн санал дэвшүүллээ. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хамгийн гол нь цагийн ажилтан, цагийн ажилтантай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгсөн гэж харж, ойлгож байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл хуулийн төслийг чамбайруулах үүднээс хэд хэдэн саналаа хэлье.

Цагийн ажилтны хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байхаар тооцож, цагаар ажиллах буюу тодорхой ажлыг гүйцэтгэх, түүний зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмжид тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх, туршилтын хугацааг 3 сараас илүүгүй байлгах зэрэг зохицуулалтыг тусгаж өгсөн нь оновчтой болсон байна гэж бодлоо.

Харин уг хуулийн төсөлд зөвхөн ажил олгогч, цагийн ажилтан хоёрын хоорондын эрх зүйн харилцааг зохицуулсан нь учир дутагдалтай байна. Гэтэл ажил олгогч нь тухайн хүнийг цагийн ажилтнаар авлаа гэхэд уг ажилтныг зуучилдаг буюу Хөдөлмөр, зуучлалын байгууллагыг уг хуулийн төсөлд оруулж өгөөгүй юм болов уу гэж харлаа. Тиймээс ажил олгогч, зуучлагч, цагийн ажилтан эсвэл ажил олгогч, цагийн ажилтан гэсэн хоёр талын оролцоотой харилцааг зохицуулах нь зүйтэй гэж бодож байна.

Тухайлбал, Герман зэрэг улсад хувийн Хөдөлмөр, зуучлалын байгууллагууд хөгжсөн байдаг. Эдгээр байгууллага нь ажил олгогч нь цагийн ажилтан авахдаа зуучлалын байгууллагад ханддаг. Тиймээс энэ асуудлыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудад “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тарифыг тооцож, санхүүжилт олгох бөгөөд Хөдөлмөрийн хувийн бирж нь ажилд зуучилсан тохиолдолд иргэнээс шууд буюу шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авахыг хориглоно” гэж заасан байна.

Уг заалтыг Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаагүй байгаа нь дээрх хуулиудтай зөрчилдөх байдал үүсч мэдэхээр байна. Тиймээс Хөдөлмөрийн хувийн биржүүдийг дэмжих, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар эдгээр биржийг урамшуулах тогтолцоог бий болгох нь зүйтэй.

Хөдөлмөр эрхлэлтийг зуучлах байгууллага, ажил олгогч, цагийн ажилтан нарын харилцааг уг хуулийн төслөөр зохицуулах хэрэгтэй. Нөгөө талаар ажил олгогчийг цагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд өндөр хэмжээгээр торгоно гэдгээ эргэж харах нь зүйтэй болов уу.

Цагийн ажилтан гэдэг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Орлоготой оюутан” хөтөлбөрийн нэг хэлбэр гэж ойлгож байна. Гэхдээ цагийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд 5-10 сая төгрөгөөр торгоно гэдэг бол хатуу заалт гэж бодож байна.   

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа