УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2017.01.16

Д.Тэрбишдагва: Хоггүй улс болчих юмсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Хог хаягдлын тухай шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монгол Улсад хэр хэмжээний аюултай хог хаягдал байгаа талаар, Улаанбаатар хотод хичнээн хог хаягдал боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй болох, хуулийн төсөл батлагдсанаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн татан оролцуулах замаар хог хаягдлаа баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай Засгийн газрын бодлогыг лавшруулан асуусан юм. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"Хог хаягдлыг хог хаягдал биш баялаг гэж ойлгох цаг болсон. Дэлхий нийтээрээ хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ангилан ялгах, түүхий эд болгон ашиглаж байна.

Түүхий эд, баялаггүй улс оронд бол хог хаягдал гэсэн ойлголт байдаггүй. Гэтэл Монгол Улс 3 сая хүн амтай атлаа хог хаягдалтай дарагдчихаад байна.

Тиймээс Хог хаягдлын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдчихээд, анхны хэлэлцүүлгээр уг хуулийн төслийг баталчихмаар байна. Ингэж байж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно. Учир нь улсын төсвөөс хөрөнгө зарж, хог хаягдлын асуудлыг шийдэх боломжгүй.

Бид хог хаягдлыг баялаг гэж үзээд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан ажлыг яаралтай эхлүүлэх нь зүйтэй. Хог хаягдлын тухай шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлуулах үүднээс аюултай хог хаягдлын тоо хэмжээг бодитоор хэлээч.

Аюултай хог хаягдлыг ямар төрлөөр, яаж ангилав, хичнээн хэмжээний аюултай хог хаягдал байна? Мөнгөн ус, цианид натри зэрэг төрөл бүрийн аюултай хог хаягдал байна.

Аюултай хог хаягдал нь зөвхөн цэргийн анги, нэгтгэлээр зогсохгүй мэргэжлийн хяналтын байгууллагын хил, гааль дээрээс хурааж авсан янз бүрийн бодис гээд салбарт бүрт бий. Тиймээс аюултай хог хаягдалтай тэмцэх үүднээс уг хуулийн төслийг нэн яаралтай батлах нь зүйтэй. Хоггүй улс болчих юмсан.

Улаанбаатар хот шиг сая гаруй хүн амтай хотод хичнээн хог хаягдал боловсруулах үйлдвэр шаардлагатай вэ? Ямар зориулалттай, хэдий хэмжээний хүчин чадалтай үйлдвэр байгуулах вэ, ямар улсын тусламж, дэмжлэг авах талаар яриа хэлэлцээ явж байна уу?"

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол:

"Хуулийн төслийг хэлэлцэн батлуулах үндсэн зорилго нь хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг эдийн засгийн эргэлтэд оруулах, хог хаягдлыг баялаг гэдэг үүднээс ашиглах юм. Түүгээр зогсохгүй хог хаягдлын менежментийг ногоон хөгжлийн бодлого, зорилтод уялдуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Хог хаягдлыг үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлдөг байх дэлхий нийтийн түгээмэл зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзсэн.

Өнөөдөр аюултай хог хаягдлын үүсгэлтийг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29-58 мянган тонн аюултай хог хаягдал гарч байна гэсэн тооцоо гаргасан. Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон хог хаягдал хуримтлагдаж байна. Нийт 369 тонн хуурай хог хаягдал, 69 литр шингэн бодис хадгалагдаж байгааг шалгалтаар тогтоосон.

Тиймээс 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулиар аюултай хог хаягдлын эрх зүйн зохицуулалт шийдэгдэж чадаагүй байсныг уг шинэчилсэн найруулгын төсөлд нарийвчлан тусгасан юм.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төсөлд тодорхой саналуудыг нэмж, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааны зохицуулалтыг бүрэн дүүрэн тусгах боломжтой гэж харж байна.

Иргэдэд хог хаягдлын боловсролын олгох тухай асуудал өмнөх хуульд огт тусгагдаагүй байсныг шинэчилсэн найруулгын төсөлд хүүхэд наснаас нь буюу цэцэрлэгт хүмүүжиж байх үеэс эхлээд бүх шатны боловсролын агуулгад тусгах, хог хаягдлыг ангилан ялгадаг, ашигладаг хэвшлийг суулгах тухай заалтууд тусгаж өгсөн.

Хог хаягдлын асуудлаар хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон. Хог хаягдлын талаар мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулдаг, хог хаягдлаа замбараагүй хаяж буй иргэдээ ч торгодог механизмыг хуулийн төсөлд тусгасан юм.

Хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэлгээг олон нийтэд төлөвшүүлэх нь шинэчилсэн найруулгын үндсэн агуулга, мөн чанар юм. Хог хаягдлын боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг үе үеийн УИХ, Засгийн газар, хотын удирдлагын үед ярьж байсан. ТЭЗҮ-ийг ч боловсруулж байсан боловч эцсийн шийдэлд хүрч чадалгүй өдийг хүрсэн.

Тэгвэл Хог хаягдлын тухай шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хог түүж амьдардаг 20 мянган иргэнээс одоогийн үнээс харьцангуй өндөр үнээр хог хаягдлыг нь худалдан авах, тэднийг ажлын байраар хангах боломж бололцоо бий болно. Аж ахуйн нэгжүүд хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барих, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх хүсэлтэй байна."