Н.Амарзаяа 2017.01.16 | Сайт: Vip76.mn

Н.Амарзаяа: Батерей, компьютер зэрэг электрон хог хаягдлыг хуульчлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Хог хаягдлын тухай шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хог хаягдлын талаар хоёр асуудлыг хуульчлах нь зүйтэй гэж учирласан юм. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

Хуулийн үзэл баримтлал дээр хоёр санал байна.

Нэгд, электрон хог хаягдал. Энэ нь хөрсөнд шингэх боломжгүй, химийн урвалд орох, химийн хорт бодис ялгаруулах зэргээр хортой хог хаягдалд тооцогддог учраас уг хуулийн төсөлд дэд бүлэг болгож, тусгах нь зүйтэй. Хуулийн төслийг нилээд чамбай, сайн боловсруулсан байна.

Батерей, компьютер гэх мэтчилэн электрон хог хаягдлыг өгдөг, авдаг зарчмыг хуульчилж өгөх шаардлагатай.

Хоёрт, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас гарч буй хог хаягдлыг ангилан ялгах асуудлыг хуулийн төсөлд нарийвчлан тусгаагүй юм болов уу гэж ажиглагдлаа. Тиймээс ангилан ялгах системийг бий болгох хэрэгтэй.

Хог хаягдлаа ангилан ялгахыг иргэн, аж ахуйн нэгж болгон замын хөдөлгөөний дүрэм шиг ягштал мөрддөг байх нь гол болов уу гэж бодож байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn