Х.Нямбаатар: Хамгийн зөв гарц шинэ хот байгуулах
2017.01.17

Х.Нямбаатар: Хамгийн зөв гарц шинэ хот байгуулах

Нийслэлд гамшгийн бүс тогтоож, агаарын бохирдлын эсрэг цогц арга хэмжээ авахаар болсон. Нийслэлийн хамгийн их хүн амтай, хамгийн их гэр хороололтой Сонгинохайрхан дүүргийг зургаан хүн УИХ-д төлөөлж буй. Тэдний нэг, УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Агаар, орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг зарчихлаа. Гамшигийн бүс тогтоох нь хэр оновчтой шийдэл байсан гэж та үзэж байгаа вэ?

-Монгол Улсын хот төлөвлөлтийн алдаатай үйл ажиллагаанаас болж 17 жилийн өмнөөс үүссэн асуудал бол утаа.

Гамшиг зарлаж байна гэдэг нь зүйрлэж хэлбэл аливаа өвчин эхэн үедээ мэдэгдэхгүй явж байгаад хүндэрч, эцсийн шатанд орсон тул зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсантай адил гэсэн үг. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрч, яаралтай цогц арга хэмжээ авах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.  

Агаарын бохирдол, утаа бол шинэ сэдэв биш. Би хэдэн нөхдийн хамт 2012 онд “Төлөвлөлттэй шинэ нийслэл” гэсэн төрийн бус байгууллага байгуулж байсан.

Энэ төрийн бус байгууллага нийслэлийн агаар, хөрсний бохирдлын талаар эрдэмтэдтэй уулзаж, судалгаан дээр үндэслэсэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан. Энэ хүрээнд нийслэлийн хот төлөвлөлт, ураг, удмын санд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцсэн.Тухайн үеийн судалгаагаар нийслэлд төрж байгаа хүүхдүүдийн урагт өөрчлөлт орж байгаа, шинээр төрсөн хүүхдүүдийн цээжний тойрог багассан гэсэн ноцтой үзүүлэлт гарч байсан.

Нийт хүн амын 45 хувь нь төвлөрч байгаа нийслэлд төрж байгаа хүүхдүүд генийн өөрчлөлтөд орж эхэлсэн, магадгүй 10 жилийн дараа генийн ямар эмгэгүүд гарч ирэхийг таашгүй гэдгийг хэлж байсан. ҮАБЗ-өөр дэмжсэн хотын даргын захирамж бол их зөв шийдвэр гэж би үзэж байгаа. Нийслэлд шилжин ирэгсдийг хязгаарлах нь зөв. Түүнээс гадна шинээр хот байгуулах гэсэн зөвлөмжүүд гаргасан нь ч маш зөв. Миний хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шинэ нийслэлийг бий болгох ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа.

-Нийслэлийн шинэ суурьшлыг бий болгоно гэдэг нь одоогийн нийслэлээ тэр чигт нь нүүлгэн шилжүүлнэ гэсэн үг үү?

-Нийслэлийн ахны төлөвлөгөөг 1954 онд ОХУ-ын эрдэмтэд хийж өгсөн. Одоо бид долоо дахь ерөнхий төлөвлөгөөтэй явж байна. Өмнөх зургаан хотын ерөнхий төлөвлөгөөг ОХУ-ын эрдэмтэд гаргаж, сүүлийн төлөвлөгөөг бид өөрсдөө гаргаж 2013 онд УИХ-аар батлуулсан. ОХУ-ын эрдэмтэд ерөнхий төлөвлөгөө гаргахдаа Улаанбаатар хотыг 500 орчим мянган хүн амтай, 70-80 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй байна гэж тооцоолсон байдаг.

Гэтэл бид ийм тооцоотой дэд бүтэц дээр нэг сая 400 мянгуулаа, 350 орчим мянган тээврийн хэрэгслээр зорчиж байна. Үүнийг дагаад эрүүл мэнд, соёлын үйлчилгээний хүртээмжгүй байдал үүссэн.

Жишээлбэл, Сонгинохархайн дүүрэгт цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 10 гаруй мянган хүүхэд байна. Энэ асуудал дээр дүүргийн удирдлагууд, хотын удирдлагуудыг буруутгах ямар ч боломжгүй. Гэх мэтчилэн энэ олон асуудал дээр бид хэн нэгнээс бурууг хайж, хэн нэгнийг жигшиж, буруутгахаас илүү үндсэн шалтгаанаа яриад зөв эмчлэх ёстой. Утаагүй зуух, шөнийн тарифыг тэглэх, үүдний пин барьж өгөх зэрэг нь утаанаас гарах үндсэн арга зам биш.  Хамгийн зөв арга бол багтахгүй байгаа суурьшилаа задлах ёстой.

Ингэхийн тулд бид өөр газар шинэ нийслэл хотыг барих асуудлыг зоригтой зарлаж, түүний төлөө бүгд хөдөлмөрлөх ёстой.  Би нийслэлд төрсөн, миний үр хүүхэд ч гэсэн энд төрсөн. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Ингэхийн тулд одооноос зоригтой дугарах биш хөдлөх хэрэгтэй. Монголчууд 1990 оноос өмнө маш олон хот, сууринг байгуулж, түүнийг дагаад ажлын байр нэмэгддэг, хүмүүс нь суурьшдаг байсан. Сангийн аж ахуйг дагасан хотууд олон байсан. Гэтэл өнөөдөр энэ бүгд балгас болсон. Аливаа улс орон хөгжиж дэвжиж байхдаа хот, барилгуудыг барьж байгуулдаг бол манай улс бүгдийг нь балгас болгочихсон.

-Шинэ нийслэл барихгүйгээр одоогийн нөхцөл байдлаа сайжруулаад явах боломж бий юу?

-Дэлхийн олон улс орон нийслэл хотоо нүүлгэж, бизнесийн төв болгосон байдаг. Тухайлбал, ОХУ-ын нийслэл өмнө нь Петроград /одоогийн Санкт-Петербург/ байсан бол одоо нийслэл нь Москва болсон.

АНУ-ын нийслэл Вашингтон нь засаг захиргааны төв, бизнесийн төв нь Нью-Йорк хот байх жишээтэй.  Сүүлийн 150 гаруй жилийн хугацаанд 80 орчим улс нийслэлээ нүүлгэсэн жишээ байдаг.  Эдгээр улс орнууд улстөрийн, байгалийн гамшиг, үндэсний цөөнх нь нэг талд төвлөрсөн, шашин бусад гэх мэт шалтгаануудаар нийслэлээ нүүлгэсэн байдаг. Хамгийн гол шалтгаан нь хот төлөвлөлтийн хүндрэлээс гарахын тулд нүүлгэсэн байдаг.

Казакстан улс 1997 онд Астана гэдэг хотыг нийслэл гэж зарлаад саяхан нээсэн. Тухайн үед Казакстан эдийн засгийн хувьд манай одоогийн нөхцөл байдлаас ч хүнд байсан. Ийм хүнд үедээ маш зоригтой, алсыг харсан шийдвэр гаргасан байдаг. Өмнөд Солонгос улсын шинэ нийслэл нь Сэжүн хот болсон. Ерөнхийлөгч, батлах хамгаалах яамнаас бусад бүх төрийн захиргааны байгууллагууд нь Сэжүн хотруугаа нүүж байна.

Сэжүн хот одоо нэг сая гаруй иргэнтэй хот болсон байна. Дэлхийн олон улс орон нийслэлээ нүүлгэсэн байхад бид ч гэсэн болно гэсэн итгэлээр урагшлах ёстой юм. Улаанбаатарт байгаа 200 орчим мянган айл түүхий нүүрс хэрэглэж байгаа. Түүхий нүүрсний хэрэглээг зогсоохын тулд оронсууцжуулах нэг боломж байдаг. Гэхдээ яг одоогийн байгаа дэд бүтцээр нь орон сууцжуулна гэвэл усны нөөц хүрэхгүй гэдгийг эрдэмтэд хэлж байгаа.

ОХУ-ын эрдэмтэд анх Улаанбаатарын усны эх үүсвэрийг тооцохдоо 500 гаруй мянган хүн амтай байхаар тооцож Туул голын сав дагуу гүний усны бассейныг ашиглаж эхэлсэн. 1987 онд ОХУ-ын эрдэмтэд нийт усны нөөцийг тогтоосон, 2005 онд Монгол Улсын Засгийн газар Жайкагийн  төслөөр  усны нөөцийг бүрдүүлэх зорилгоор өрөмдлөг хийсэн байдаг.

Энэ хоёр судалгаагаар нөөц яг ижил хэмжээтэй гарсан. Өнөөдөр нийслэлийн орон сууцанд амьдардаг нэг хүн дунджаар  250 литр ус хэрэглэж байгаа. Хэрэв гэр хорооллын бүх айлуудыг усан хамгамжаар хангаад эхэлбэл хэдхэн жилийн дараа усны эх үүсвэргүй болох магадлалтай.  

Гамшгийн бүс тогтоож, шаардлагатай арга хэмжээг авч эхэлж байгаа ч дунд, урт хугацаандаа хөгжих хамгийн зөв гарц нь шинэ хот байгуулах явдал.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Ерөнхий сайд хэлэхдээ шинэ хот байгуулах, суурьшлын бүсийг тэлэхэд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэдэг зүйл ярьсан. Эдийн засаг сэргээгүй байгаа энэ цаг үед шинэ хот байгуулах боломж бүрдэх үү?

-Бид өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй байгаа, бүгд бүсээ чангалах шаардлагатай байгаа. Гэхдээ дараа нь амьдрал үргэлжилнэ гэдгээрээ ирээдүйг харсан судалгаа, шинжилгээ, шийдвэр гаргах ажлуудаа одооноос хийх ёстой.  Утааны эсрэг олон арга хэмжээ авч байгаа. Энэ бүхний эцэст хамгийн зөв сонголт нь суурьшлыг задлах ёстой гэдгийг эрдэмтэд хэлсэн.

Шинээр байгуулах хот нь ямар хотын стандартаар ажиллах ёстой, хотын хэдэн хувь нь ногоон байгууламж байх ёстой, эрчим хүч дэд бүтэц нь ямар байх ёстой гээд маш олон зүйлийг төлөвлөөд, судалгаагаа гаргаад явж байх ёстой. Ерөнхий сайд хот байгуулахад эдийн засгийн боломжгүй гэдэг тайлбар өгсөн байсантай би санал нийлэхгүй байна.

Шинэ хотыг бид өнөөдөр барих гээгүй. Эхний ээлжинд хөрөнгө мөнгө  бага шаардагдах судалгаа, зураг төсөл, төлөвлөлт, ТЭЗҮ зэрэгээ эхлүүлэх нь зөв гэж бодож байна.

Ер нь бид маш их цаг хугацаа алдсан. Монголчуудад Арабын нэгдсэн улс, КОЙКА, ЖАЙКА гэх мэт донорууд олон удаа зээл, тусламж өгсөн байдаг. Гэхдээ бид цаашид боломж байгаа гэдгийг олж харах ёстой. Монголын эдийн засаг жижиг эдийн засагт тооцогддог. Тиймээс шинэ хот байгуулах нь гадны маш олон хөрөнгө оруулалтыг татах  хөшүүрэг болж болно. Хамгийн гол нь улстөрийн шийдвэрээ зоригтой гаргах цаг болсон.

-Шинэ хот байгуулах асуудлыг бид алдсан байж. Гэхдээ зээл тусламжаар хот барихаас илүү эдийн засгаа сэргээх, бүтээн байгуулалт өрнүүлэх чухал ажлууд байхад шинэ хот барих асуудлыг яриад нэмэр байна уу?

-Мэдээж энэ бол урт хугацаанд хийгдэх зүйл. Гэхдээ бид одооноос шийдвэрээ гаргаад судалгаа, үндэслэл, төлөвлөлтөө хийгээд явах нь зөв. Хууль эрхзүйн орчинд нь ямар өөрчлөлт оруулахаас эхлэх хэрэгтэй. МАН-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд тодорхой саналууд оруулах ёстой. Гол нь ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ тодорхой болгох ёстой. Монгол Улс түүхэндээ хоёрдахь ард нийтийн санал асуулгаа Монголын хөгжлийг түргэтгэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг ард түмнээсээ асуух гэж байна. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, оруулахгүй гэж олон жил ярьсан.  Магадгүй 65 суудлыг нэг намд өгсөн нь нэг шийдэлд хүрээсэй гэж үзсэн учраас зоримог сонголтыг ард түмэн хийсэн байх. Энэ сонголт, даалгаварыг биелүүлж чадвал энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн хамгийн том ажил болох болов уу гэж бодож байна. Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар байна гэж заасан байдаг. Эндээс л шинэ хот байгуулах ажлаа эхлүүлж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар байна гэдэг заалтаас өөрчлөлтөө хийх ёстой.

-Шинэ хотыг хаана барих боломжтой бэ. Нийслэлтэйгээ ойрхон байх ёстой юу?

-Эрдэмтдийн үзэж буйгаар шинэ нийслэл хот нийслэлээс зайтай байх ёстой. Улаанбаатартай ойрхон байвал суурьшил задрахгүй гэдэг юм билээ. Ялангуяа цаг уур болон усны эрдэмтэд шинэ нийслэлийг цаг агаарын таатай нөхцөл, усны нөөцөө дагаж барих ёстой гэдгийг хэлдэг. Шинэ нийслэл барих боломжтой газар нь Орхон, Сэлэнгийн бэлчир байж болно гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан. Шинэ нийслэлийг бид аялал жуулчлалын брэнд болгох боломж бий.

-Төрийн захиргааны байгууллагууд хотын төвөөс гарах ёстой гэсэн шийдвэр өмнөх Хотын дарга гаргаж байсан. Гэвч энэ асуудал одоо зогссон байх. Төвлөрөлийг сааруулах нэг арга нь төрийн захиргааны байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэх ёстой байх?

-Утааг хэн гаргаж байна вэ. Утаа гэр хорооллоос гардаг. Хотын захиргаа утаа үйлдвэрлэдэггүй. 200 мянган гэр хорооллын айлын түүхий нүүрсний утаа, өдөр тутам хөдөлгөөнд оролцож байгаа автомашин, дунд оврын уурын зуухууд, гурван том станц зэрэг нь хотын утааг бий болгож байгаа. Тэгэхээр хотын захиргаа хаана ч байсан утаа арилахгүй. Хотоос хол зайтай л нүүлгэхгүй бол нэмэргүй гэсэн үг.

-ҮАБЗ-өөс агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдлыг цогцоор шийдэхийн тулд гамшгийн бүс тогтоосон. Бид зөвхөн утаа яриад байдаг гэтэл хөрсний бохирдол нь гамшгийн хэмжээнд авч үзэх шаардлагатай болсон байна?

-Агаарын бохирдол бол зундаа замхарч, өвөлдөө хуралддаг. Гэтэл хөрсний бохирдол хэдэн зуундаа замхардаггүй. Хан-Уул дүүргийн Сонсголон орчмын цэвэр усны насосуудаас химийн хорт бодис илэрч байна. Өөрөөр хэлбэл, бидний хөрсөнд шингээж байгаа бохирууд  тодорхой хугацааны дараа гүний усанд нэвчиж эхэлж байна. Энэ бол хэдэн жилдээ арилахгүй зүйл.  Гүний ус нь химийн бодистой болж байна гэдэг нь нийслэл ачааллаа дийлэхгүй, нийслэлд амьдарч байгаа иргэд цэвэр ус хэрэглэх боломж буурч байна л гэсэн үг. Ерөөсөө л агаар, хөрсний бохирдол гамшигийн хэмжээнд хүрсэн байна, цогц арга хэмжээ авах ёстой гэж бүгд хүлээн зөвшөөрлөө. Өнөөдөр бид гамшгийн бүс тогтоогоод шаардлагатай арга хэмжээнүүд аваад эхэлж байгаа ч дунд, урт хугацаандаа нийслэлийн иргэдийнхээ тал хувийг нүүлгэн шилжүүлэх, одоо байгаа иргэдийнхээ тоог нэмэхгүйгээр  хөгжих хамгийн зөв гарц нь шинэ хот байгуулах. Одоо байгаа гэр хорооллыг дахин төлөвлөхөөс бага мөнгөөр шинэ хот байгуулах боломжтой.

-Дагуул хот, дэд төвүүдээ хөгжүүлээд, тэндээ суурьшилаа тараачиж болохгүй юу?

-2013 оны ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хот долоон дэд төвтэй, таван дагуул болон хаяа хоттой байна гэж заасан. Дагуул хот, дэд төвүүд нь өнөөдөр дэд бүтэцгүй байгаа.

Гэтэл дахиад л иргэдийн өмчийг төр өндөр үнээр худалдаж аваад, дэд бүтцээ хийхээр болж байна. Энэ мөн л их цаг хугацаа, өртөг шаардагдана. Түүний оронд нэг мөсөн шинэ нийслэлээ төлөвлөөд гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжаар ч хамаагүй ирээдүйгээ харсан зоримог шийдвэр гаргах ёстой гэж бодож байна.

Ш.ЧИМЭГ