Улаан.Ч 2017.01.17 | Сайт: Vip76.mn

Ч.Улаан: Сангийн хөрөнгийн үр өгөөж, зарцуулалтыг сайжруулахад анхаарах ёстой

УИХ-ын гишүүн Ч.Улаан

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ч.Улаан сангуудын үйл ажиллагааны талаар өөрийн байр суурийг илэрхийлж, саналаа хэллээ. 

Хуулийн төслийг дэмжиж байна. Төсвийн байнгын хорооны анхааралд авмаар хэд хэдэн асуудлаар саналаа хэлье. Монгол Улсад 40-өөд Засгийн газрын тусгай сан бий. Үйл ажиллагааны чиглэлээр задлаж үзвэл, хоёр төрлийн сан байдаг. Нэг нь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг байхад, нөгөө нь төсвөөс санхүүждэг сангууд юм. Тиймээс сангийн үйл ажиллагааны төрлөөс хамаарч ялгаж, зааглах, уг асуудлыг Засгийн газар анхааралдаа авах хэрэгтэй.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь орлого бүрдүүлдэг, бие даасан үйл ажиллагаа эрхэлдэг, цаашид ч тогтвортой ажиллах боломжтой. Харин зарцуулалтын журмыг тодорхой болгох шаардлага бий. Тухайлбал, сангийн хөрөнгийн үр өгөөжийг сайжруулахад онцгой анхаарах нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд тус сангаас олон төрлийн төсөлд санхүүжилт олгосон. Гэхдээ эдгээр төслийн үр дүнг тооцоолж, үнэлдэггүй дутагдал байдаг.

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг батлахдаа зээлийн ашиглалт, үр өгөөжийг үнэлж, дүгнэх тал дээр онцгой анхаарах ёстой. Уг журмын ерөнхий агуулга, концепцио боловсруулж, түүнийгээ УИХ-ын гишүүдтэй зөвлөлдсөн ч болно. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын тусгай сангуудын үүрэг, чиглэлийг тодорхой болгож, саналаа Төсвийн байнгын хороонд танилцуулахыг хүсье. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn