УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.19

Ё.Баатарбилэг: Хуулийн төсөл нь хүүхдийг зөвхөн эхийн сүүгээр хооллоно гэсэн агуулгатай биш

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар /2017.01.17/ Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Нялх, балчир хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг дэмжиж байна.

Нэгд, 2005 онд батлагдсан Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль 11 жилийн өмнө батлагдсан гэдэг агуулгаараа цаг хугацааны шалгуур давж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөж байна. Харин одоо бол уг хуулийг цаг үеийн шаардлагаар нэр томьёоны хувьд ч тэр, агуулгын хувьд ч тэр засч, сайжруулах шаардлагатай болжээ.

Хоёрт, Нийгмийн харилцааг зохицуулах гэдэг агуулгаараа бол хуулийн төсөлд тусгасан зохицуулалтуудыг харлаа. “Хүүхэд эхийн сүүгээр л хооллох ёстой” гэсэн агуулгаар уг хуулийн төслийг боловсруулсан гэж яриад байна.

Хуулийн төсөлд эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг яаж хамгаалах, хүүхдийг дэмжих бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, тэдэнд зориулсан нэмэгдэл хоол, сүү, сүүн бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго нь ямар стандарт хангасан байх ёстой зэрэг маш тодорхой зүйл заалтыг тусгасан. Мөн хүүхдийн нэмэгдэл, хоол тэжээлийн бүтээгдэхүүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ямар зарчим, хэлбэрээр сурталчлах гэдгийг ч нарийвчлан зааж өгсөн байна.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нялх, балчир хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдийг сурталчлах нь ихэссэн. Живх зэрэг зарим нэр төрлийн бүтээгдэхүүн хүүхдэд харшил өгч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж байсан тохиолдол бий. Тиймээс энэ мэт асуудлыг зохицуулах үүднээс шинэчилсэн найруулгын төсөл оруулж ирж байгаа нь зүйтэй.

Хуулийн төсөл хэлэлцэж байх явцад хэлэлцэх асуудлаас халтирч, төрийн өндөр албан тушаалтан хүнийг хэл амаар доромжлох нь зохисгүй шүү, О.Баасанхүү гишүүн ээ. Хуулийн төслийн нэг заалтыг барьж, тухайн хуулийн төслийг тэр чигт нь үгүйсгэхээ болих хэрэгтэй. Цаашид хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй байх. Харин хэлэлцүүлгийн явцад тодорхой саналуудаа оруулаад явья.