УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.19

Ё.Баатарбилэг: Донорт өгөх урамшууллыг нэмэхгүй юм бол хуулийг шинэчлэн найруулах шаардлага байна уу?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар /2017.01.17/ Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ажлын хэсгээс маш тодорхой хэд хэдэн асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Донорын тухай хуулийн төслийн үзэл баримтлалаас гурван асуулт байна. Шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага байсан уу? 2012, 2015 онуудад Донорын тухай хуульд нэмэлт оруулж байж. Хамгийн сүүлд 2015 онд нэмэлт оруулсан уг хуулийг хэрэгжүүлэх явцад ямар хүндрэл гарсны үндсэн дээр шинэчлэн найруулах болов?

Уг шинэчилсэн найруулгын төсөл нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуультай үзэл баримтлалын хувьд юугаараа давуу бөгөөд онцлогтой вэ?

Ер нь хуулийн төслүүдэд улсын төсөвт дарамт учруулахгүй гэдэг өгүүлбэр байнган дагалдах боллоо. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан доноруудын эрхийг хамгаалах, донорт өгдөг урамшууллыг нэмэгдүүлэх, тэр дундаа цусны донор, нэг удаа цус авахад өгдөг урамшууллаа шинэчлэх шаардлагагагүй юу? Донорын талаар төрөөс баримтлах бодлого, дэмжлэгийг уг хуулийн төсөлдөө тусгахгүй байсан уу? Хэрэв донорт өгдөг урамшууллыг нэмэгдүүлэхгүй юм бол шинэчилсэн найруулгын төслийг батлах шаардлагатай юу?

“Төсөвт хүндрэл учруулахгүй” гэдэг бол шинэчилсэн найруулгын төсөлд тохиромжгүй юм шиг. Нэгэнт хуулийг шинэчлэн найруулж байгаа бол төсөв, хөрөнгө гол асуудал биш шүү дээ. Нийгмийн чухал харилцааг зайлшгүй зохицуулах, одоо байгаа хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж үзсэн бол төсөвт хүндрэл учруулахгүй гэж яриад байдаг.

Мөнгө шаардагдахгүй гээд биччихээр л уг хуулийн төслийг дэмжих ёстой юм уу? Үнэхээр нийгэмд ач холбогдолтой хуулийн төсөл мөн бол хөрөнгө мөнгө шаардагдах, шаардагдахгүйгээс үл хамааран хэлэлцэж батална шүү дээ. Тиймээс Засгийн газраас өргөн барьж буй хуулийн төслүүдэд энэ агуулгыг байнга тусгадагаа анхаарах хэрэгтэй.

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга н.Бархас

Яагаад одоогийн хуулийг шинэчлэх болов гэхээр уг шинэчилсэн найруулгын төсөлд “Донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт” гэсэн 40 гаруй заалт бүхий шинэ бүлэг орж ирсэнтэй холбогдуулан хуулийн зүйл заалтуудын дугаарлалтад өөрчлөлт орсон. Өөрчлөн найруулсан 114 заалт, хасагдсан 5 заалт, шинээр оруулсан 72 заалттай холбоотойгоор хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр өргөн барьсан юм.

Салбарын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ тэр дундаа жилд нэг удаа сувилалд үнэ төлбөргүй хамрагдах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал хүчин төгөлдөр байна. Мөн донорыг алдаршуулах, хүндэт донороос цаашлаад байгууллагыг урамшуулах тухай заалтыг хуулийн төсөлд тусгасан. Амьгүй донорт ар гэрийн тэтгэмж, тэр дундаа оршуулгын зардал зэрэг зардлыг мөн оруулж өгсөн.