Энх-Амгалан.Л 2017.01.19 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Ахмадын эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг тусгасан уу?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар /2017.01.17/ Донорын тухай шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажлын хэсгийн ахлагчаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Ахмад настны тухай хуулийн төсөлд ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, ахмад настны хөгжил, оролцоог дэмжих, ахмад настанд хүндэтгэл үзүүлэх, насны хишиг олгох, ахмад настанд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх гээд ахмадын эрхийг хамгаалах талын олон заалт орсон байна.

Бидний эрхийг хамгаалах талын олон заалт хуулийн төсөлд багтсан байна. Гэхдээ эдгээр заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн асуултыг Ахмадын байгууллагын зүгээс тавьж байна. Эдгээр заалтыг хэрэгжүүлэх явцад алдаа, зөрчил гаргасан албан хаагчийг хариуцлагажуулах хэрэгтэй.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Ахмад настны хуульд, Бүх байгууллага ахмадын сан байгуулна гэсэн заалт байсан атлаа амьдрал дээр бодитоор хэрэгждэггүй байх жишээтэй. Тиймээс хуулийн төсөлд холбогдох албан тушаалтныг үүрэгжүүлж, хариуцлагажуулах чиглэлийн заалтууд хэр туссан бэ? Учир нь Ахмад настны тухай хуулийн урилгын шинжтэй болчих вий гэсэн болгоомжлол байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраа:

Хуулийн төслийн долдугаар зүйл бүхэлдээ Ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээ бол наймдугаар зүйлд ахмад настны амьжиргааг дэмжих арга механизмыг зааж өгсөн. Тодруулбал, 7 дугаар зүйлд ахмадад чиглэсэн 10 төрлийн үйлчилгээг дурдсан.

Эдгээр үйлчилгээг үзүүлэх явцад сум, дүүрэг, баг, хорооны нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн байгууллагад ногдуулах хариуцлагыг заасан. Мөн ахмад настанд тусламж үзүүлэх зорилготой сайн дурын байгууллагуудын талаар тусгагдсан.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан өрхийн ахмад настанд хүнсний бүтээгдэхүүн авах эрхийн бичиг олгох, шаардлагатай тохиолдолд хуульд заасан хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах гээд ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээг хуулийн төсөлд нарийвчлан тодорхой заасан.

Мөн хуулийн төслийн 9 дүгээр зүйл бүхэлдээ Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар бөгөөд ахмад настан өөрөө хүсвэл түүний хүсэл, сонирхолд үнэлэн хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд хамрагдаж болно. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, түүний ажилтан мэдээллийн сан үүсгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой ахмадыг ажлын байранд зуучлах талаар тусгаж өгсөн.

Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор сум, дүүргийн холбогдох байгууллага ямар эрх, үүргийн дагуу үйл ажиллагаа явуулах, ахмад настан эрүүл мэндийн шалтгааны улмаас дотоодын рашаан, сувилалд амрах бол нэг удаа эрхийн бичгийн 50 хувийг, хүндэт донор ахмад настанд нэг удаа 100 хувийн нөхөн олговор олгон гэж заасан юм.

Хуулийн төслийн 12 дугаар зүйлд Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл, насны хишгийн тухай заалтууд байна. Насны хишгийг насны ангилалд харгалзан хэдий хэмжээний мөнгөн тусламжийг хэзээ авах вэ гэдгийг хуулийн төсөлд тусгасан.

Хуулийн төслийн 4 дүгээр бүлэг нь бүхэлдээ Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар бий. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнууд тус бүр ямар ямар үүрэг хариуцлага хүлээх талаар хуулийн төсөлд нарийн тодорхой заасан. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn