УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.19

О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж өгөөч

2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлсэн юм.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл байсан боловч сая дурдсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллийг харахад, уг хуулийн төслийг эргүүлэн татсан, эргүүлэн татахдаа ултөржилтөөс болсон гэх утгагүй тайлбар хийлээ.

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөр завсарлага авсан. Хуулийн дагуу бол байнгын хорооны хуралдааны үеэр завсарлага авсан бол мөн байнгын хорооны хуралдаанд үргэлжлүүлэн завсарлага авах эсвэл завсарлага авснаа цуцалж байгаагаа мэдэгдэх ёстой.

Харин чуулганы нэгдсэн хуралдааны үеэр завсарлага авсан бол завсарлагаа үргэлжлүүлэх, сунгах эсэх саналаа хэлдэг. Энэ хооронд ямар ч хэлэлцүүлэг явах ёсгүй. Гэтэл уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад 78 зарчмын зөрүүтэй санал орж ирсэн нь Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчсөн учраас цаашид хэлэлцэх боломжгүй болсон гэдгийг хуульч мэргэжилтэй гишүүд мэдэж байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хоёр, гурав удаагийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн нь хууль зөрчсөн гэдгийг ард түмэндээ тайлбарлалаа. Ингэхийн оронд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс болж хуулийн төслөө эргүүлэн татлаа гэсэн тайлбар бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөмбөгддөгөө болих хэрэгтэй.

Миний бие Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан ч хэлэлцэхгүй байна. Бусад гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл гэрлийн хурдаар батлагдаж байхад би хуулийн төслүүдээ арай хийж өргөн барьдаг, өргөн барьсныхаа дараа мартагддаг.

Тиймээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрдэнэтийн хаалт, хөгжлийн сангийн тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлж өгөөч.

Өнгөрсөн парламентын үед хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн хуулийн төслийг бас л МАХН-аас нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан төслийг хэлэлцүүлэхгүй гээд байх шиг. Би та бүгдтэй адилхан статустай, эрх мэдэлтэй УИХ-ын 76 гишүүний нэг шүү дээ. Тиймээс намайг хавчин гадуурхах, ганцаардуулах гэж оролддогоо больцгоо.

Хэлэлцэх асуудлын дараалалд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг оруулж өгөөч гэдгийг дахин дахин хүсмээр байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК нь төрийн өмчит компани гэдэг утгаараа 51 хувь нь байна уу, 49 хувь нь байна уу Эрдэнэтчүүдийн асуудал хөндөгдөж байгаа учраас ард иргэд нь уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Эрдэнэт үйлдвэр хэзээ хаагдах, хаагдлаа гэхэд хотын ард иргэд “үнсэнд хаясан шалз” шиг орхигдох уу, эсвэл үргэлжлүүлэн амьдрах уу гэдгийг хуулиар баталгаажуулмаар байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөөч.