Баасанхүү.О 2017.01.19 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Жолоодох эрхээ хэтрүүлж, давтан зөрчил гаргасан тохиолдолд хатуу шийтгэх ёстой

О.Баасанхүү: Жолоодох эрхээ хэтрүүлж, давтан зөрчил гаргасан тохиолдолд хатуу шийтгэх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодорхой асуултад хариулт авахыг хүссэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулж, уг хуульд тодорхой зүйл нэмж байгаа. Нэгэнт батлагдсан Зөрчлийн тухай хуулийг хүчингүй болгож, шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатанд байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэзээ батлагдаж, хэрэгжих нь тодорхойгүй байна.  

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнээр Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болно гэж ойлгож байна. Би зөв ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл, аливаа захиргааны зөрчлүүдэд ногдуулах бүх санкцийг Зөрчлийн тухай хуулийн төсөлд оруулсан гэж үзэж байна.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн төсөл тодорхой хугацааны дараа батлагдсанаар Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болно шүү дээ. Гэтэл Замын хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулаад ирлээ. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

Энэ бол эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж буй хэрэг юм л даа. Гэмт хэрэг хийсэн хүнийг тэнсэн харгалзах ял шийтгэж, нэг өдөр ч гэсэн хорихгүй байх тухай агуулга Зөрчлийн тухай хуулийн төсөлд туссан байдаг.

Өршөөлийн тухай хуулиар жолоо барих эрхээ хасуулсан 15 мянган иргэнийг өршөөсөн байдаг. Одоо энэ хуулийн үйлчлэл дууссан. Тэгвэл Өршөөлийн хуулийн хэрэгжилт дууссанаас хойш хэдэн хүн жолоо барих эрхээ хасуулсан бэ?

Жолоо барих эрхээ хасуулсан буюу жолоо барих эрхийг жолооч согтуугаар жолоо барьсан тохиолдолд хорих доод хэмжээ нь гурав, дээд хэмжээ нь 30 хоног гэж сонссон. Тэгвэл зарим нэг тохиолдолд тэнсэн харгалзах ял гэдэг шиг сануулах шийтгэл гэж давхар оруулах боломж бий юу? Учир нь албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх юм бол гэмт хэргийн шинжтэй биш бол ажлаасаа чөлөөлөгддөг. Өөрөөр хэлбэл, өөр албан тушаалд томилогддог.

Машин жолоодоно гэдэг Монгол Улсад чухал эрх мэт боловч үнэндээ өдөр тутмын хэрэгцээ шүү дээ. Согтуугаар жолоо барьж байгаад эрхээ хасуулчихаад дахин согтуугаар жолоо барьж байвал хатуу шийтгэх ёстой. Хуулийн төсөлд зааснаар бол баривчлах ял шийтгэнэ гэвэл энэ заалтын хэрэгжилтийг хангах байрны хүрэлцээ дутмаг шүү дээ.

Долдугаар сарын 1-нд 111 төвд 300 гаруй хүнийг саатуулах гэж маш том асуудал үүссэн байдаг. Тиймээс жолоодох эрхээ хэтрүүлж, дахин шийтгэл авсан хичнээн хүн байна? Багаар бодоход одоогоор 1500 орчим хүн энэ төрлийн зөрчил гаргасан байх магадлалтай. Улсын хэмжээнд 500 мянган гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бий.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд хийдэл үүсээд байгаа учраас зохицуулах зорилготой юм. 2015 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Захиргааны хариуцлагын тухай хуульд жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан согтуугаар болон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн үедээ жолоо барих юм бол торгох, баривчлах гэсэн үндсэн шийтгэлийг хоёуланг нь ногдуулахаар заасан байдаг.

Шийтгэлийг давхардуулан хэрэглэж болохгүй гэсэн үндсэн зарчим бий. Энэ дагуу баривчлах эсвэл торгох шийтгэлийн аль нэгийг ногдуулах ёстой. Жолоодох эрхээ хасуулсан этгээдэд торгох, эрх хасах гэсэн шийтгэл ногдуулсан байдаг.

Ингээд давтан үйлдэж байгаа тохиолдолд дахин торгох нь оновчгүй байна гэж үзээд баривчлах шийтгэлийг дангаар нь үлдээхээр хуулийн төсөлд тусгасан. 7-10 хоног хүртэл хугацаагаар баривчлах нь шийтгэлийг улам чангатгаж буй хэрэг юм.

Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар 6000 орчим этгээд жолоо барих эрхгүй үедээ буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар машин жолоодсон хэрэг гарсан. Эдгээр этгээдэд давхар шийтгэл ногдуулж болохгүй байгаа учраас хуулийн хийдлийг арилгах зорилгоор уг нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлж байна.

Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлага гарсан. Шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэзээ батална, батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг базаах болно. Үүний дараа үйлчилж эхэлнэ.

Тиймээс батлагдаагүй хуулийн төсөлтэй нийцүүлж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах боломжгүй учраас одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан оруулж ирсэн. Зөрчлийн тухай хуулийн төсөл батлагдмагц Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болно."

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn