Ундармаа.Б 2017.01.20 | Сайт: Vip76.mn

Б.Ундармаа: Хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэдгийг санал нэгтэй дэмжсэн

Б.Ундармаа: Хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэдгийг санал нэгтэй дэмжсэн
УИХ-ын гишүүн Б.Ундармаа

2017 оны нэгдүгээр сарын сарын 20-ны УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүдэд танилцуулсан юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 10, 17, 19-ний өдрүүдэд хуралдаж, дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Монгол Улсын Их хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 10 тоот албан бичгийг танилцуулсан бөгөөд дараах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байна.

УИХ-ын даргын 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 04 тоот захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Ц.Нямдорж, Б.Ундармаа, А.Ундраа, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, Б.Наранхүү, Л.Болд, О.Баасанхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгшийг хийхдээ ажлын хэсэгт ажилласан УИХ-ын гишүүдээс бэлтгэсэн санал, мөн Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцын талаарх мэдээллийг хэлэлцээд 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 10 тоот албан бичигт:

Нэгд, Сонгуулийн тухай хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салган хэлэлцэх явцад өмнөх хуулиа хэрхэн хүчингүй болгох асуудал тусгагдаагүй

Хоёрт, УИХ-ын гишүүд ард иргэдийн түвшинд нэгдсэн ойлголтод хүрээгүй, мөн хуулийн төслийн хэлэлцүүлэг сунжирсан нь хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөж байгаа

Гуравт, Цаашид хуулийн төслийг хэлэлцэн баталж хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжих боломжгүй гэж үзэж, УИХ-ын чуулган нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,8 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22,5 дахь хэсэгт заасан журмын дагуу хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй шийдвэрлэсэн болно. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn