Л.Оюун-Эрдэнэ: Улс төрчид камерын өмнө олон нийтэд таалагдах өнцөгөө л боддог
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.01.20

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрчид камерын өмнө олон нийтэд таалагдах өнцөгөө л боддог

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Удахгүй манай улс бондын 580 сая ам.долларын төлбөр барагдуулах учиртай. Энэ өрийг хэрхэн барагдуулах хэрэгтэй гэж та үзэж байгаа вэ?

-Би өмнө нь засгийн газар 580 сая ам.доллар орчим бондын өрийг хэрхэн төлөх юм бэ гэж чуулганы хуралдааны үеэр асууж байсан. Өнөөдрийг хүртэл бондын өрийг хэрхэн төлөх талаархи нэгдсэн төлөвлөгөө бүлэг, УИХ-ын түвшинд албан ёсоор танилцуулагдаагүй байна. Засгийн газраас олон нийтэд өгч буй мэдээллээр бол, төлөх боломжоо өгсөн гээд байгаа. Гэхдээ миний харж буйгаар энэ асуудал дээр хэдхэн гарц үлдэж байна. Өрийг өрөөр угсарч төлөх нь хамгийн муу хувилбар. Энэ нь бид Грек, Аргентин, Нигер улсуудын араас явж байгааг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнөх зээлээ төлөхийн тулд өөр нэг зээл авна. Энэ нь өмнөхөөсөө хүү өндөр байх жишээтэй. Дараа нь хоёр зээлээ дарахын тулд гурав дахь зээлээ авах шаардлага үүсдэг. Мэдээж, гурав дахь зээл нь өмнөх хоёроосоо хүү нь өндөр байна. Ингэж явсаар гарах гарцгүй хэмжээнд тулж, хэд хэдэн удаагийн дефолт зарлах магадлалтай. Ийм орон ч байна. Аргентин гадаад өр дээрээ долоон удаа дефолт зарласан. Нигер гурван удаа зарлачихлаа. Ийм чөтгөрийн тойрог руу орчихгүй юмсан гэсэн болгоомжлол үүсээд байна. Яагаад гэхээр бид нэгэнт цаг хугацаагаа алдчихсан. Өрийн асуудал засгийн газар найдвартай эх үүсвэрийг хайх ёстой.

-Намраас хойш манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар яригдаж буй ч хэрэгжих хугацаа нэлээд хойшиллоо. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг би байнга дэмжсээр ирсэн. Энэ хөтөлбөр яг ямар байдлаар хэрэгжих бэ гэдгийг олон нийтэд зөв ойлгуулах шаардлагатай юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва чуулганаар хаалттай байдлаар улс орныхоо эдийн засгийг хэлэлцэх хэрэгтэй гэж ярьсан. Чуулган 7-14 хоног хаалтттай хуралдаж, эдийн засгаа ярих хэрэгтэй. Энэ бол яг үнэн.  Хаалттай хуралдахгүй бол улстөрчид камерийн өмнө олон нийтэд таалагдах өнцөгөө л боддог. Тэгэхээр зоригтой дуугарч чадахгүй гэсэн үг. Тийм учраас би энэ асуудлыг нэлээд шахаж, гишүүдтэй ярилцаж байгаа. Ер нь чуулган хаалттай байдлаар ний нуугүй асуудлаа ярихгүй бол өдөр өдрөөр бид цаг хугацаа алдаж байна. Үүнийг дагаад шийдэл нь улам хүнд байдал руу орж байгаа.  

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг нэлээд чамбай ажилласан. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгээс төслөө эргүүлэн татах шийдэлд хүрлээ. Энэ шийдвэр хэт улс төрийн шинжтэй гарчихав уу?

-Миний хувьд анхнаасаа хэлэлцэхийг нь дэмжихгүй байр суурьтай байсан. Бүлгийн хуралдаан дээр энэ асуудлаар санал хураалгахад цөөн болсон юм. Зарчмын хувьд Сонгуулийн тухай хуулийг ойр ойрхон өөрчлөх  нь зохимжгүй. Энэ нь өөрөө хардлага дагуулдаг. Сонгууль бүрт хууль нь өөрчлөгдөөд явна гэдэг буруу үзэгдэл. Бид одоо аливаа зүйлийг тогтонги байдалд оруулахгүй бол иргэдийн сэтгэл санаа ч тогтворгүй болж байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл олон нийтийн зүгээс ч тэр, хүчтэй эсэргүүцэлтэй тулсан. Нэг нам парламентад үнэмлэхүй олонхи болсон хойноо ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг  хугацаа туслан үед боловсруулсан явдлыг бусад улстөрийн намын удирдлагууд ч шүүмжилсэн байдаг. Би бол энэ дуу хоолойг үзэл бодлын хувьд дэмжиж байсан. Тэгэхээр хуучин хуулиараа ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах шийдвэрт эрх баригч намын бүлэг хүрсэн нь зарчмын хувьд зөв шийдвэр болсон гэж хэлмээр байна.

-Сонгуулийн тухай ерөнхий хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусад нь салгах нь зүйтэй гэсэн байр суурийг СЕХ-ноос илэрхийлсээр ирсэн байдаг. Энэ  нь нэг талдаа зөв биш үү?

-СЕХ хуулийн энэ гажуудлаа анхнаасаа анхаараад явах ёстой байсан. Зургаахан сарын өмнө батлагдсан хуулийг дахин өөрчлөхийг дэмжсэн, зарчимгүй зүйл яриад сууж байгаа нь буруу. СЕХ улс төрөөс хараат, мэргэжлийн байгууллага байх ёстой. Энэ чиг үүргээ биелүүлж чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд явах учиртай. Ер нь СЕХ, шүүх, цагдаагийн байгууллагууд ямар нэгэн байдлаар улстөртэй хэлхэлдэх бүрт шударга ёс хүсэж буй иргэдийн бухимдал нэмэгдээд байдаг. Энэ бухимдлаа иргэд хэвлэл мэдээллээр дамжуулан илэрхийлж байгаад, жагсаал цуглааны хэлбэрт орж, нийгмийн эмх замарбаагүй байдал үүсгэх тохиолдол ч байна. Тийм учраас Монгол Улс Үндсэн хуулиараа шударга сонгууль явуулах үүрэгтэй. Энэ чиг үүргээ хуулиа ч бас тогтвортойгоор хэрэглэх ёстой. Харин хэрэглэж буй хуулиа илүү төгс төгөлдөр болгох асуудлыг ярих ёстойгоос биш үндсээр нь өөрчлөх асуудлыг дахин ярих хэрэггүй.

Ж.МЯДАГБАДАМ