Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа маргаан үүсэх вий гэсэндээ ажлын хэсэгт орж ажилласан юмсан
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
2017.01.20

Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа маргаан үүсэх вий гэсэндээ ажлын хэсэгт орж ажилласан юмсан

2017 оны нэгдүгээр сарын сарын 20-ны УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын хоёр гишүүн үг хэлж, асуулт асуусны нэг нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж юм. 

Ц.Нямдорж: Сонгуулийн тухай хуулийн "ус"-ыг шахах гэсэн оролдлого шүү дээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл бол өнгөрсөн онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиас Ерөнхийлөгчийн сонгуультай хэсгийг хуулсан хувилбар шүү дээ.

Үндсэн хуульд нийцсэн хууль батлах юм болов уу гэж жаахан харзнасан боловч өнөөдөр хуулийн төслөө буцааж байна. Байнгын хорооны хуралдаан дээр яригдсан 150 зарчмын зөрүүтэй санал гэдэг бол одоо мөрдөж буй хуулийн ус л байхгүй юу. Ингээд Сонгуулийн тухай хуулийн усыг шахах гэхээр элдэв будлиан хутгаж, эцэст нь буцаахад хүргэж байна.

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн 2015 оны 10 дугаар сарын 28-нд одоогийн Сонгуулийн тухай хуульд өгсөн санал, дүгнэлтээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байна. Уг санал, дүгнэлтэд тус бүрт нь нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй, энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Гэтэл тухайн үед хүч түрэмгийлж, ажил хариуцсан байгууллагынхаа санал, дүгнэлтийг үл тоож, Сонгуулийн тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжиж байна.

Сонгуулийн тухай хуульд, дахин сонгууль явуулах хугацааг хоёр өөрөөр оруулсан байна гэдэг. Энэ мэт алдааг засах гэхээр засуулдаггүй. Би уг хуулийн төслийг буцаах болсонд харамсаж байна. Уг нь хуульч мэргэжилтэй хүн бол ийм эгзэгтэй асуудлыг хэлэлцэж байх үед улстөрийн биш цэвэр хууль эрх зүйн өнцгөөс асуудалд хандах ёстой юм л даа.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл батлагдчихаасай гэж бодож байсан. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа маргаан үүсэхээр тийм сайн хууль зүйн орчин бүрдүүлэх юмсан гэж бодсондоо ажлын хэсэгт орж ажилласан.

Одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлахдаа нэг зүйл дутуу оруулсан байна гэх юм. Юу гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлээд өгөөч?

Ер нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар зохион байгуулах боломжгүй болсон бол энэ дөрвөн жилд сонгуулийн тухай гурван тусдаа хууль оруулж ирж батлуулах нь зүйтэй. УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр тухайн үед Сонгуулийн тухай хууль батлагдсаны дараа энэ хуулиар сонгууль зохион байгуулах юм бол бослого гарах юм байна гээд үсрээд байсан шүү дээ. Одоо мөрдөж буй хууль чинь ийм л байна. Энэ бүхнийг засах гэхээр засуулахгүй юм.

Манай намаас Ерөнхийлөгч нэр дэвших юм бол заавал миний гарын үсэгтэй зөвшөөрөл бичгээр авч байна гэсэн агуулгатай бичиг барьж явж байгаад л уг хуулийн төслийг будилуулчих юм. Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлахад ямар бэрхшээл тулгарч байгааг Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэлээд өг?

Хууль эрх зүйн тогтвортой байдал хамгаас чухал шүү дээ. Хууль тойрсон маргаан чинь эцэстээ асуудал тарих вий дээ.

Ч.Содномцэрэн: 

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн

Сонгуулийн тухай хуульд алдаа, зөрчилтэй, засаж сайжруулах зүйлс олон бий. Сонгуулийн Ерөнхий хороо эдгээр алдаа, зөрчилтэй, засаж сайжруулах шаардлагатай гэсэн саналуудаа боловсруулж, УИХ-д бичгээр хүргүүлж байсан.

2015 онд Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх явцад Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд уг хуулийн төслийг дэмжих боломжгүй байна гэсэн саналаа бичгээр хүргүүлж байлаа. Гэвч манай хорооны саналыг үл харгалзан, цаг хугацаа тулсан, батлах зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр хуулийн төсөл батлагдаж байсан юм.

Сонгуулийн тухай хуулийн зөрчилтэй заалтууд:

Нэгд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад 150 зарчмын зөрүүтэй санал гарч байна гэдэг бол Сонгуулийн тухай хуульд найруулгын алдаа, засаж сайжруулах зүйлс бий гэдэг нь харагдаж байгаа юм.

Хоёрт, Хугацааны хувьд зөрчилтэй хэд хэдэн заалт бий. Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийн хэн нэг нь олонхийн санал авч чадаагүй бол дахин сонгууль явуулна гэж заасан. Тэгвэл уг хуульд дахин сонгууль явуулах хоёр төрлийн хугацаа зааж өгсөн байдаг. Үүнд,

 -Дахин сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарснаас хойш 30 хоногийн хугацаанд явуулах

 -Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүйд тооцсон бол дахин сонгуулийг 7 хоногийн дотор товлон зарлана.

УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн санал авах өдрийг хуульд заасан байдаг. УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын аль нэг өдөр, орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын аль нэг өдөр гэж заасан.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг заагаагүй, орхигдуулсан байдаг. Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын бүрэн эрхэд Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал агуулгын товыг зарладаг. Энэ агуулгаар Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлаж өгөх хүсэлтээ УИХ-д тавиад байна.

Мөн Зэвсэгт хүчинд алба хааж буй албан хаагчийн судалгааг Батлан хамгаалах яам гаргаж өгнө гэж заасан атлаа Хилийн цэрэгт албан хааж буй албан хаагчийн судалгааг ямар субьект гаргаж өгөхийг зааж өгөөгүй. 2016 оны УИХ-ын сонгуулиар Батлан хамгаалах яамнаас гаргаж өгсөн судалгаатай адилтган зөвлөмж өгч байж, хилийн цэрэгт алба хааж буй хүмүүсийн судалгааг гаргуулж, тэдний сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэж авсан.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь нэр дэвшигчийн үнэмлэхээ сонгуулийн санал авах өдрөөс 30 хоногийн өмнө авна гэж заасан байдаг. Харин сурталчилгаагаа сонгуулийн санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлнэ гэж заасан.

Ингээд бодохоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах, сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр хоёрын хооронд 10 хоногийн зөрүү гарч байгаа юм. Энэ мэтчилэн хуульд байгаа алдаа дутагдал, хийдлийг яриад байвал маш олон зүйл бий.150 гаруй зарчмын зөрүүтэй санал дотор энэ мэт найруулгын алдаа, зөрчлийг арилгуулах зорилготой зүйлс багтсан байгаа. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь гаргая гэсэн санал гаргасан нь энэ.

Я.Содбаатар: Хуулийн төсөл батлах процедурт ихээхэн хүндрэл үүсгэхээр байгаа юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Уг хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн хэлж байгаа зарчмын зөрүүтэй олон санал бий. Зарчмын зөрүүтэй санал байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Сонгуулийн тухай хуулиас салгаж боловсруулсан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг улс төрийн тодорхой хүчнүүд мушгин гуйвуулсан тохиолдол бий. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан хуулийн төсөл буцаах гурван үндэслэл нь хуулийн төслийг хэлэлцэх явцад үүссэн.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг баталья гэвэл эхлээд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй 150 саналаар санал хурааж, дараа нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 189 заалтыг нэг бүрчлэн хүчингүй болгох ёстой. Энэ нь хуулийн төсөл батлах процедурт ихээхэн хүндрэл үүсгэхээр байгаа юм.

Харин Сонгуулийн тухай хуульд байгаа хугацаатай холбоотой алдаа, зөрчлийг нэн даруй арилгах шаардлагатай болж байна. Ер нь аливаа сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг, шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлдэг, шинэ хуулийн төсөл боловсруулдаг жишгээ болих хэрэгтэй.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад олон нийтийн санаа бодлыг сонсож, бодлого үйл ажиллагаанд тусгах нь зүйтэй гэж харж байна. Сонгуультай холбоотой хуулийг Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар тайлбарлуулах биш холбогдох асуудал хариуцсан сайд, гишүүнээс асуух нь зүйтэй.

Сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг товлон зарлахтай холбогдсон заалт бий. Дахин сонгууль явуулах 7 хоног, 30 хоног чинь хоёр өөр өдөр. Тиймээс өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж болох юм гэж үзэж байна. Өргөн барьсан хуулийн төсөлд зарчим, агуулгын зөрүүтэй заалтууд байхгүй гэж үзээд хуулийн төслийг буцаах УИХ-ын тогтоолын төслийг оруулж ирсэн гэдгийг тодруулж хэлсэн нь зүйтэй болов уу.

Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд, УИХ дахь намын бүлэг, байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг буцаах тогтоолын төсөл өргөн барих эрх нээлттэй байдаг.