Ундраа.А 2017.01.23 | Сайт: Vip76.mn

А.Ундраа: Ахмад настанд шүдний протез дотооддоо хийлгэсэн зардлын үнийг нэг удаа нөхөн олгох зэрэг гишүүдийн гаргасан санал дэмжигдсэн

УИХ-ын гишүүн А.Ундраа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн А.Ундраа хуулийн төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганд оролцож буй гишүүдэд танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн А.Ундраа:

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Ахмад настны нийгмийн хамгааллыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Чуулганы болон байнгын хорооны хуралдаанд анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраа, гишүүдээр УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Гантулга, М.Оюунчимэг, Н.Учрал, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал тус бүрээр санал хураалт явуулж, хуралдаанаар дэмжсэн, дэмжээгүй саналыг ангилан хүргүүлж байна.

Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 100 болон түүнээс дээш насны ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно, УИХ-ын гишүүн О.Батнасан хувийн хөрөнгө оруулалттай ахмад настны асрамжийн газрыг төрөөс бодлогоор дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Ганболд, М.Оюунчимэг нар ахмад настанд шүдний протез дотооддоо хийлгэсэн зардлын үнийг нэг удаа нөхөн олгох, УИХ-ын гишүүн С.Чинзориг ахмад настанд хөнгөлөлттэй эм олгох эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг ахмад настныг жилд нэгээс доошгүй удаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулахаар төсөлд нэмж тусгах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn