Ж.Энхбаяр: Засгийн газарт эхний ээлжинд энэ салбарыг л дэмжинэ гэсэн бодлого байна уу? Б.Чойжилсүрэн!
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр
2017.01.23

Ж.Энхбаяр: Засгийн газарт эхний ээлжинд энэ салбарыг л дэмжинэ гэсэн бодлого байна уу? Б.Чойжилсүрэн!

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр төрлийн хуулийн төсөл хэлэлцсэн. 

Нэг нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн журмыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд батална гэсэн агуулгатай байсан бол нөгөө нь Байгаль хамгаалах сангийн нэрийг өөрчлөх тухай байлаа. 

Нэг хуульд хоёр өөр төрлийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирж болно. Гэхдээ хоёр тусдаа хуулийн төсөл боловсруулсан нь оновчгүй байна гэсэн шүүмжлэлийг цөөнгүй гишүүд Засгийн газарт тавьж байсан. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр эдгээр хуулийн төслийг нэгтгэж, нэг хуулийн төсөл болгох ажлыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийх ёстой байсан гээд өргөн барьсан огноогоор эхэнд хэлэлцсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн тухай асуудлыг тусгасан хуулийн төсөлд саналаа хэлсэн. 

Нэгэнт ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудал яригдсан учраас энд тус сангаас олгосон зээлийн зориулалт хэр оновчтой байв, эргэн төлөлт ямар түвшинд байгааг гишүүн яалт ч үгүй хөндөж байлаа. 

Энэ зах зээл ямар ч зохицуулалтгүй явж ирлээ гэж шүүмжлэх УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын яриаг хүргэе. 

Ж.Энхбаяр: Зах зээлийн хэрэгцээгээ давсан тооны үйлдвэрүүд байна

Нэг хуульд хоёр төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тус тусад нь хуулийн төсөл болгож оруулж ирсэн байна. Энэ хуульд хоёр төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулах бол үүнийг Сангийн сайд нэгтгэх үүрэгтэй. Хуулийн төслүүдийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан хянаж, гол менежментийг хийх ёстой. Тиймээс Засгийн газрынхан ажлаа муу хийж байгаагаа хэлэхийг хүсч байна.

Засгийн газраас боловсруулж, өргөн барьсан хуулийн төслүүд алдаа ихтэй, зарчмын зөрүүтэй санал хэдэн зуугаараа гардаг болсон. Боловсруулалтын түвшин маш муу байгаад анхаарал хандуулж, хуулийн төсөл боловсруулж буй хуулийн мэргэжилтнүүдийнхээ чадавхийг эргэн нэг харахгүй юм бол энгийн алдаа маш их байна.

Хуулийн боловсруулалтын чанар унасан гэдгийг энд зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Миний санаж байгаагаар 2007 оноос Монголын төр ЖДҮ-ийг дэмжих зорилгоор нилээдгүй хэмжээний санхүүжилт олгосон. Тэгэхээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өнөөдрийг хүртэл нийт хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилтийг бизнес эрхлэгчдэд олгоод байна?

Сүүлийн дөрвөн жилд 60 мянга гаруй аж ахуйн нэгж дампуурч, хаалгаа барьсан. Үүнтэй холбоотойгоор тус сангийн эрсдлийн түвшин ямар түвшинд байна?

Монгол Улсыг хамарсан барилгын салбарын уналтад нөлөөлсөн гол хүчин зүйл бол бодлогогүй зээл их хэмжээгээр олгосон. Зөвхөн цемент гэхэд 4-5 сая тн-ыг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьсан байх жишээтэй. Гэтэл хэрэглээ нь нэг сая тн хүрдэггүй. Улаанбаатар хотыг тойроод бетон зуурмагийн 200 гаруй узель барьсан байна. Хэрэгцээгээрээ бол 30, 40 байхад л хангалттай байдаг.  

Махны үйлдвэр гэхэд 4-5 нь л байнгын ажиллагаатай байна. Энэ төрлийн 40 гаруй үйлдвэр ажиллахгүй байна. Гурилын үйлдвэр гэхэд хүчин чадлынхаа 20 хувийг л ашиглах байх жишээтэй. Энэ мэт улсын төсвийн хөрөнгийг ямар ч бодлогогүй, үр ашиггүй зарцуулж байна. Цаашид ЖДҮ-ийг хөгжүүлэх сан хөдөө ахуйн салбарыг дэмжих чиглэлээр ямар зорилтот төслийг хэрэгжүүлэх гэж байна?

Зах зээлд зохицуулалт хэрэгтэй байна. Үл үзэгдэгч гар нь зохицуулна биз, зах зээлийн хуулиар явна гэж орхисноор нэгэнт барьсан үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна, олон зуун хүн ажилгүй болж байна.

Энэ бүхнийг харгалзан үзээд бодлогоор энэ салбарыг дэмжинэ гэж зорилтот салбараа тодорхойлж, тооцоо судалгаа хийсэн зүйл байна уу? Хэтэрхий жижиг зах зээлд зохицуулалтгүйгээр олон тооны төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Одоо эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд амьдрах чадваргүй болсон байна.

Б.Чойжилсүрэн: Баялгийн хуваарилалтыг зөв хийх талд анхаарч байна

Нэг хуульд оруулах хоёр төрлийн нэмэлт, өөрчлөлтийг тус тусдаа хуулийн төсөл боловсруулах замаар оруулж ирсний гол шалтгаан нь Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн журмыг салбарын сайд нь баталдаг байх хуулийн төслийг боловсруулна гэж шийдээд мөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Байгаль хамгаалах сангийн нэрийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэж, мөн сарын 28-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Энэ хоёр хуулийн төслийн өргөн барьсан хугацаа нь 6 хоногийн зайтай. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн нь хоорондоо 40 хоногийн наана, цаана байсныг ойлгох хэрэгтэй.

ЖДҮ бодлого, зохицуулалтгүй байна гэж хэлсэнтэй тань санал нэг байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарын 60-аад төсөлд санхүүжилт олгосон байна. Шинэ Засгийн газар байгуулагдсанаасаа хойш зах зээлийг давхцуулахгүйгээр баялгийн, эх үүсвэрийн зөв хуваарилалт хийх тал дээр салбар яамдтай хамтран ажиллах болно.

Ажлын хэсгийн гишүүн: ЖДҮ-д олгосон зээлийн эргэн төлөлт 95 хувьтай байна 

Одоогийн байдлаар 2016 оны сүүлээр олгосон зээлийг нэмээд нийт 775,2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Нийт 7370 төсөлд санхүүжилт өгчээ. Зээлийн эргэн төлөлт 95 орчим хувьтай байна. Жижиг зээл авсан ААН-үүдийн эргэн төлөлт сайн, томоохон зээлдэгчийн эргэн төлөлт тааруу байгаа нь ажиглагдлаа. Хаалга барьсан 60 мянган аж ахуйн нэгжүүдийн хэд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан болохыг судалж байна. Цаашид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас санхүүжилт олгох салбаруудыг ангилсан. Мал аж ахуй, газар тариалан, худалдаа нийтийн хоол, ноос ноолуур, арьс шир, оёдол, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэвлэлийн үйлдвэрлэл, зоорь агуулах гэсэн эрэмбэ дараагаар санхүүжилт олгох болно.