Эрдэнэ.С 2017.01.24 | Сайт: Ikon.mn

С.Эрдэнэ: Ашиг сонирхлын зөрчилтэй этгээд ажлын хэсэгт орж, ул мөрийг баллахаас болгоомжилж байна

С.Эрдэнэ: Ашиг сонирхлын зөрчилтэй этгээд ажлын хэсэгт орж, ул мөрийг баллахаас болгоомжилж байна
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт” үйлдвэрийн  49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан билээ. АН-ын бүлэг завсарлага авах болсон талаар бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг шалгасан ажлын хэсэг дөнгөж сая байнгын хороон дээр дүгнэлтээ тараалаа. Энэ нь УИХ-ын Дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм. Иймд бид тав хоногийн завсарлага авсан. Яагаад гэвэл “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шалгалтын материалыг маш сайн судлах ёстой.

Тиймээс үүнийг маш нарийн хэлэлцэж, судалж, шалгаж байж бүлэг байр сууриа илэрхийлнэ. Бид удаа дараа шалгалтын ажлын явц байдалтай танилцах хүсэлтээ тавьсан ч тоо баримттай материал ирүүлээгүй. Гэтэл өнөөдөр байнгын хороон дээр тарааж байгаа нь захиалгатай, зохион байгуулалттай байж болзошгүй гэж харж байна. 

Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал хөндөгдөхгүй байгаа. "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Стандарт банканд барьцаалж зээл авсан. Яг хэдий хэмжээний зээл авсан нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ Английн олон улсын арбитрын шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Монголын тал энэ төлбөрийг гүйцэтгэх үүрэг хүлээж байгаа гэж мэдэгдэж байгаа. Албан ёсны шүүхийн бичиг баримт ирээгүй байна. Энэ тохиолдолд “Эрдэнэт”-ийн 51 хувь байна уу үгүй юу гэдгийг бид шалгах ёстой

Гуравдугаарт, өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-д шахааны бизнес явагдаж байсан. Тодорхой улстөрчид, улс төрийн нам хүчнүүд энэ үйлдвэрээс санхүүждэг байсан. Үүнийг шалгах шаардлагатай. Үйлдвэрийн хувьцааг таллаж шалгах биш, бүтэн шалгах ёстой.

Ингэснээр Монголын ард түмэнд үр өгөөжтэй зүйл болно. Энэ тав хоногийн хугацаанд шаардлагатай гэж үзвэл 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулах саналыг Хууль зүйн Байнгын хороо болон бусад байнгын хороонд хүргүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ашиг сонирхолтой нөхдүүд байгаа” гэлээ.

Тэрбээр дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа хүмүүсийн нэрийг дурдаж болох уу? 

-ОХУ болон Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэдээлэл гарсан байсан. Үүнийг та бүхэн өөрсдөө уншиж судла. Бидэнд ч холбогдох мэдээлэл ирсэн. Үүнтэй танилцаад шаардлагатай гэж үзвэл шалгах тухай ажлын хэсэг гаргана.

-Та УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес хийсэн гэж ярьсан байсан. Үүний талаар мэдээлэл өгөөч?

-Би баримт дээр тулгуурлаж хэлсэн. Хэн нэгнийг гүтгээгүй. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр 2004 онд “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан гэрээ, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг. Энэ асуудлыг шалгах шаардлагатай гэж харж байгаа.

Энэ ашиг сонирхлын зөрчилтэй этгээд шалгалтын ажлын хэсэгт ороод, өөрийнхөө урьд өмнөх ул мөрийг баллах ч юм уу ямар нэгэн үйлдэл хийхээс бид болгоомжилж байгаа.