Л.Энх-Амгалан: Жижиг, буурай орны иргэд эрхтнээ худалдах нь түгээмэл байдаг ч бид хэдүүлээ билээ?
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
2017.01.24

Л.Энх-Амгалан: Жижиг, буурай орны иргэд эрхтнээ худалдах нь түгээмэл байдаг ч бид хэдүүлээ билээ?

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлээд байна.

Шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан гол санаа нь амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тухай гэж ойлгож болно. Амь насыг нь аврах нэгэнт боломжгүй болсон хүн өөр хэн нэгэнд өөрийн хүсэлтээр амьдрал бэлэглэнэ гэдэг нэг бодлын сайхан хэрэг. Гэвч энэ асуудлыг хуульчилж өгснөөр ар араасаа олон асуудал дагуулж болохыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан санууллаа. 

Хуулийн төслийн үзэл баримтлалд дурдсанаар бол сүүлийн гурван жилд 300 гаруй хүнд элэг, бөөр шилжүүлэн суулгаж буй мэс заслыг гадаадад хийлгэхэд 60 орчим сая ам.доллар зарцуулжээ. Эдгээр хагалгааг Монголдоо хийлгэсэн бол зардал хэд дахин бага байж, Монголын анагаах ухааны салбар хэдэн шатаар ахих боломж байсныг гишүүн хэлсэн үгэндээ дурдсан.

Тухайн улсын анагаах ухааны хөгжлийн түвшинг тодорхойлохдоо эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийх нөөц, боломж, чадварыг хардаг байна. Энэ бүхэн үнэлгээг харгалзан үзвэл Монгол Улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийх боломж бий. Гэвч донорын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин дутмаг байгаагаас үүдэн саад байсаар. Тиймээс уг хуулийн төслийг батлан гаргах зайлшгүй шаардлага цаг үеэ даган урган гарчээ гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хүлээн зөвшөөрч байна. 

Хүнд эд эрхтнээ шилжүүлэхийг зөвшөөрнө, энэ төрлийн хагалгаа хийнэ гэдэг маш том хүмүүнлэгийн үйлс. Гэхдээ уг хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхтэн наймаалах гэмт хэрэг гаарах вий гэдэгт тэрээр санаа зовниж байна.

Зээлийн дарамтад орсон жижиг, буурай орны иргэд эрхтнээ худалдах нь түгээмэл байдаг ч бид хэдүүлээ билээ? Тийм учраас хуулийн хэрэгжилтээс үүдэн гарах эрсдлийг хааж өгөх хэрэгтэй УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан чуулганы хуралдааны үеэр зориуд цохон тэмдэглэлээ.