Ш.Раднаасэд: 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын өмчит үйлдвэр болгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд
2017.01.24

Ш.Раднаасэд: 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын өмчит үйлдвэр болгох хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцууллаа. 

Уг танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хийсэн юм. 

49 хувийг худалдан авах ажиллагаа хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн

Нэгдүгээрт, УИХ нь Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж, шийдвэрлэнэ нь гэсэн заалтыг зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Засгийн газар олон улсын гэрээг цуцлах тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Гуравдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1,1 дэх хэсэгт "УИХ бүх ард түмний төлөөлөн өмчлөгч нь байна", Компанийн тухай хуулийн 2 дугаар 2,6 дахь хэсэгт "Төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байх бөгөөд тэдгээрийг төлөөлж, хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байж болно" гэж заасныг үндэслэн дээр дурдсан үйлдвэрүүдийн 49 хувийг төр өөрөө эзэмших үү, хувийн хэвшлийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх үү гэдэг асуудлыг төр өмчлөгчийн хувьд УИХ шийдвэрлэхээр байсныг зөрчин Засгийн газраас шийдвэрлэжээ.

Дөрөвдүгээрт, Эрдэнэт үйлдвэр ХХК нь Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт хэлэлцэн тохиролцсон талууд хэлэлцээрийн 17 дугаар зүйлд "Аль нэг тал нь өөрийн хөрөнгө дэх хувь хөрөнгөө нөгөө талтайгаа зөвшилцсөнөөр бусад хуулийн этгээдэд худалдах болно" гэж заасан бөгөөд энэ тохиолдолд "Хэлэлцэн тохиролцогч нь нөгөө талдаа худалдан авах давуу эрхтэй байна" гэж заасан.

Өөрөөр хэлбэл, дээрх заалтын дагуу ОХУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд зөвшилцөл явагдах ёстой байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар Ростех улсын үйлдвэрийн газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хэлэлцээрийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн үг.

Тавдугаарт, Эдгээр заалтыг зөрчиж Засгийн газрын 330 дугаар гэх тогтоол гаргаж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монгол зэс корпораци руу шилжсэн байна. Түүнчлэн Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй бөгөөд энэ нь Засгийн газар өөрөө хуралдааны дэг, хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан гэж дүгнэж байна.

Зургадугаарт, Стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт "Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс молибдений ордыг одоогийн ашиглаж буй нөхцлийг хэвээр хадгалах зүйтэй" гэсэн заалт хэвээр байхад Засгийн газар уг заалтыг зөрчиж, шийдвэрлэсэн.

Нэр бүхий дөрвөн банкнаас зээл авч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг татан төвлөрүүлэх замаар 49 хувийг худалдан авсан байна

Нэр бүхий үйлдвэрүүдийн 49 хувийг худалдаж авсан эх үүсвэрийн талаарх ажлын хэсгийг Монголбанк болон Татварын Ерөнхий газар, Үндэсний аудитын газрын бүрэлдэхүүнтэйгээр шалгаж үзсэн.

Уг шалгалтын явцад Монгол зэс корпораци Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувь, Монросцветмет ХХК-ийн 49 хувийг худалдан авахдаа нийт гурван удаагийн гүйлгээгээр 400 сая ам.доллар шилжүүлсэн байна.

Уг хөрөнгийн эх үүсвэрийг шалган үзэхэд,

- Монгол зэс корпорацийн Монгол дахь дүрмийн санг ил тод болгосон гэдэг нэрээр нэмсэн 102 тэрбум төгрөг

- QSC ХХК-аас зээлсэн гэх 62,9 сая ам.доллар

- Ривер Стоун Пропертис ХХК-аас зээлсэн 70 сая ам.доллар

- Юнайтед Энержи Системс ХХК-аас зээлсэн 70 сая ам.доллар,

- Канетик ХХК-аас зээлсэн 68 сая ам.доллар

- Худалдаа хөгжлийн банкнаас Монгол зэс корпорацийн өөрийнх нь зээлсэн 75 сая ам.доллараас тус тус бүрдэж байна.

Эдгээр эх үүсвэрээс авсан зээлээрээ Монгол зэс корпораци Эрдэнэ үйлдвэр ХХК-ийн 49 хувийг худалдан авсан байдаг.

ирээдүйд баригдах эсвэл огт байхгүй зүйлийг барьцаалж Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан нь тогтоогдсон 

Эдгээр компаниас зээлсэн хөрөнгийн эх үүсвэрийг судлан үзэхэд нэр бүхий дөрвөн компанийн авсан зээл давхар Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн зээл байсан гэдэг нь шалгалтын явцад тогтоогдсон. Юнайтед Энержи Системс ХХК нь 2016 оны зургадугаар сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 70 сая ам.долларын зээл авсан байдаг. Канитек ХХК нь мөн өдөр 68 сая ам.долларын зээл авчээ. Ривер Стоун Пропертис ХХК мөн энэ өдөр тус банкнаас зээл авсан байна.

Үүнээс гадна QSC ХХК-д байсан 62,9 сая ам.долларын зээлийн цаана Монголбанкаас 200 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банкнаас 71,3 сая ам.долларын хөрөнгийн асуудал гарч ирдэг. Эдгээр хөрөнгийн эх үүсвэр, банкны үйл ажиллагаа, банкны зээл болон Ц.Пүрэвтүвшингийн ил тод болгосон гэх хөрөнгийн эх үүсвэрээс бүрдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон. Эдгээр зээлийг хэрхэн, яаж авсан тайлбарыг холбогдох этгээдүүдээс авсан байна.

Тодруулбал, зэс худалдан авах гэрээ, Эрдэнэтийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, эсвэл огт байхгүй зүйлийг барьцаалсан зэрэг хөрөнгөөр барьцааны гэрээ гэх зүйлийг баталгаажуулж, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан нь тогтоогдсон.

Одоогийн мөрдөж буй Банкны тухай хуулийн 3, 6, 7 дугаар зүйлд банкны эрхлэх үйл ажиллагааны хязгаарыг тогтоож, эдгээр зүйлд зааснаас өөр зүйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна.

Гэтэл Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигчид болон түүний шууд удирдлагад ажилладаг гүйцэтгэх ажилтнууд 2011 оноос хойш өөрсдийн нэр дээр олон тооны аж ахуйн нэгж байгуулж, тэдгээрийн нэр дээр тодорхой төрийн өмчит компаниудыг хувьчилж авах, концессийн гэрээ байгуулах, худалдан авах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулсан.

Ингэхдээ банкны эх үүсвэр, Монголбанкнаас олгосон зээл, улсын төсвөөс олгосон зээл, Засгийн газрын баталгаа зэрэг эх үүсвэрийг ашигласан байх үндэслэлтэй байна.

Банк нь Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр 6 төрлийн санхүүгийн үйл ажиллагааг эрхэлж болохоор заасан. Гэтэл Худалдаа хөгжлийн банк, түүний ажилтнуудын оролцоотойгоор банк арилжааны бизнес эрхэлж, Банкны тухай хууль тогтоомжийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, банкны хувьцаа эзэмшигч нь эзэмшиж буй хувь хэмжээгээр хариуцлага хүлээж байхаар заасан.  

Худалдаа хөгжлийн банк хууль зөрчиж, зээл олгожээ

Худалдаа хөгжлийн банк 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай.

Тус банкны хувьцааны 93 хувийг Ж.Эрдэнэбилэг гэгч хүн эзэмшдэг. Банк зөвхөн Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмент ХХК-ийн 49 хувийн төлбөрт тухайн үеийн ханшаар 400 сая ам.доллар буюу 900,2 тэрбум төгрөг буюу гол хувьцаа эзэмшигчдийн хариуцлага хүлээх хэмжээнээс давсан зээл олгожээ.

Энэхүү 400 сая ам.долларын зээл олгохдоо Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17,3 дахь хэсэгт заасан "Нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй" гэсэн заалтыг зөрчсөн.

Гэхдээ уг заалтыг зөрчөөгүй юм шиг харагдуулахын тулд Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч болон түүний удирдлагад шууд ажилладаг ажилтнуудын байгуулсан компаниудаар халхавч хийх хэлбэрээр 68-70 сая ам.долларын зээл олгож эдгээрийг Монгол зэс корпорацид шилжүүлсэн байдаг.

Үүнээс гадна Монгол зэс корпорацид зээл олгохдоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг барьцаалж, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон Монгол зэс корпорацийг төлөөлж, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн болсон.

О.Орхон өөрийн нэр дээр 49 хувийг барьцаалж зээл авсан нь Банкны тухай хуулийн 3,1,2 дахь заалтыг зөрчсөн байдаг.

Дээрх нөхцөл байдлыг авч үзвэл Худалдаа хөгжлийн банкинд Монголбанкнаас 360 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас байршсан 3,7 тэрбум төгрөг, мөн хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад татан оролцуулсан байхыг үгүйсгэх аргагүй юм. 

Сүүлийн хэдэн жил Худалдаа хөгжлийн банкийг тойрсон зөрчилтэй асуудлууд гарсаар байна. Түүнийг Монголбанк өөрийн эрх, үүргийн хүрээнд засах гэж оролдсон боловч засагдахгүй байна.

Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкны хувьцааны 93-99 хувийг Ж.Эрдэнэбилэг гэгч нэг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна.

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36,12 дахь хэсэгт Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч түүнтэй холбогдох этгээдүүд өөр банкны саналын эрхтэй хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэж заасныг Ж.Эрдэнэбилэг гэгч өдийг хүртэл зөрчиж байна. Түүнд Монголбанкнаас тодорхой шаардлага тавьсан гэдэг боловч засагдахгүй өдийг хүрсэн тухай тайлбарыг тус банкнаас өгсөн.

49 хувьтай холбоотой эрсдлийг төр хариуцаж болзошгүй байна

- Эрдэнэт үйлдвэр болон Монросцветмет ХХК-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд хууль бусаар халдаж, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй гэрээний тодорхой заалтыг зөрчин хийгдсэн байх тул Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож, тус үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж 100 хувь улсын өмчит үйлдвэрийн статусаар ажиллах

- Дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг худалдаж авахдаа халхавчны гэрээ хэлцэл байгуулсан Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны хувьцаа эзэмшигч болон түүний шууд удирдлагад ажилладаг цөөн хүний нэр дээр зохиомлоор байгуулсан компаниудаар дамжуулж, Монголбанкнаас хууль бусаар олгосон зээл, Хөгжлийн банкнаас тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, зарим аж ахуйн нэгжтэй байгуулсан концессийн гэрээнд хууль бусаар өөрчлөлт оруулсан, улсын төсвөөс гаргуулсан их хэмжээний мөнгөн хөрөнгө, түүнчлэн хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгө зэрэг эх үүсвэрүүд ашиглагдсан зээлийн гэрээ гэгчийг байгуулахдаа ирээдүйд бий болох орлого, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан зэс худалдан авах гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц зэрэг хууль бус халхавчны эсвэл огт байхгүй зүйлийг барьцаалсан зэргээс үзэхэд дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэр нь хууль бус, эргэн төлөгдөх баталгаагүй, эцсийн эрсдлийг төр хариуцахаар байгааг санал, дүгнэлтэд тусгасан.

Иймд Засгийн газар, Монголбанк уг санал, дүгнэлтэд тусгагдсан хөрөнгийн эх үүсвэрүүдийн хүрээнд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны хувьцаа эзэмшигчтэй харилцан тооцоо хийж, хэлцэл хийх замаар 49 хувийг Засгийн газар эргүүлэн авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.

Нэгдмэл ашиг, сонирхол бүхий этгээдүүд банк болон түүнийг тойрсон арилжааны зээл олгох хэлбэрээр Эрдэнэт үйлдвэр болон Монросцветмент ХХК-ийн 49 хувийг авсан нь шалгалтын явцад тогтоогдсон.