Чинзориг.С 2017.01.24 | Сайт: Vip76.mn

С.Чинзориг: Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналтай байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг

Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх чуулганы хуралдаанаар гаргасан зарчмын зөрүүтэй саналаа хоёр яам, тэдгээрийн холбогдох мэргэжилтнээр хэлэлцүүлж, нэгтгэсэн талаараа хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Цэргийн байгууллагад ажилласан хүн энгийн байгууллагад ажилласан жилээ цэргийн байгууллагад ажилласан гэж шилжүүлэн тооцохтой холбоотойгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна.

Уул нь 2010 онд уг хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Харамсалтай нь тухайн үед томьёоллоо буруу гаргаж, энгийн байгууллагад ажилласан жилийг цэргийн байгууллагад ажилласнаар тооцохдоо Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоор зохицуулна гэж заасан. Харин Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зохицуулалт хийлгүй явж ирсэн.

Өнгөрсөн чуулганы хуралдааны үеэр уг хуулийн төслөөр өөрийн зарчмын зөрүүтэй саналаа илэрхийлснийг байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, хоёр яамны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, саналаа нэгтгэсэн учраас өнөөдөр би зарчмын зөрүүтэй санал гаргахгүй.

Хэрэв өнөөдрийн хуралдаанаар бусад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарахгүй бол хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналтай байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn