Ц.Дашдорж: Ажлын  байраа  хадгалсан  компиудад татварын хөнгөлөлт үзүүлье
2009.02.23

Ц.Дашдорж: Ажлын байраа хадгалсан компиудад татварын хөнгөлөлт үзүүлье

УИХ-ын гишүүн Ц.Дашдоржтой ярилцлаа.

-Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад 1.5 их наяд төгрөгийг гадаад зах зээлээс босгох боломжийг Засгийн газар хайж байгаа. Харин УИХ-ын олон гишүүн үүнийг боломжгүй гэж үзэж буй. Таны хувьд Засгийн газрын төлөвлөгөө ямар санагдав?

-Засгийн газрын төлөвлөгөөг УИХ-ын гишүүд олон талаас нь хэлэлцэж байгаа. Үүнд Засгийн газар авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Авбал зохих арга хэмжээнүүд төлөвлөгөөнд туссан гэж би хувьдаа үзэж байгаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ 2009 оны төсвийн тодотголтой уялдуулах ёстой. Энэ оны төсвийг бид 6.9 хувийн алдагдалтай байхаар тооцсон. Гэтэл өнөөдөр 12 хувийн алдагдлын тухай ярьж байна. Үүнийгээ бууруулах шаардлагыг ОУВС-гаас тавьж буй. Гадаадын санхүүгийн зах зээлээс мөнгө босгох нь зөв ч төсвийн алдагдлаа бууруулах, валютын нөөцөө нэмэгдүүлэхээс эхлээд дотоод нөөц бололцоогоо дайчлах хэрэгтэй. Бодит эдийн засгаа тэтгэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэггүй юм гэхэд бууруулахгүй байх, түүгээр дамжуулан ажлын байр олноор бий болгох, мөнгөний нийлүүлэлтийн хэмжээг өсгөх талаар маш тодорхой зорилт дэвшүүлэх нь чухал байна.

-Төсвийн хөрөнгө оруулалтыг царцаах бодлого баримтална гэж Сангийн сайд С.Баярцогт таны асуултад хариулахдаа хэлсэн шүү дээ.

-Монгол Улс чинь дэлхийн эдийн засгийн нэг эс шүү дээ. Манай улс түүхий эд экспортлогч орон. Үнэ уначхаар гадаадаас орж ирдэг мөнгөний урсгал эрс багассан. Ийм нөхцөлд дотоодын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байж мөнгө олж таарна. Бүгд л ийм төлөвлөгөө хэрэгжүүлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 787 тэрбум долларын төлөвлөгөө баталлаа. Түүний 500 тэрбум шахам нь дотоодын хөрөнгө оруулалтаа дэмжихэд зориулагдсан.

Монголд ажлын байрны хямрал нүүрлэхэд бэлэн болчихлоо. Долларын ханш өсөж, иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Ингэснээр үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээнд сөргөөр нөлөөлж, татварт төлөх мөнгөгүй болж эхэллээ. Компаниудын эдийн засгийн чадавх муудахаар цалин, ажлын байрны асуудал яригдах боллоо. Бүтээгдэхүүний борлуулалт буурахаар ажлын байрны тоо дагаад хорогдож байна. Нэг ажлын байр байхгүй болохоор нэг гэр бүлийн орлого хаагдана гэсэн үг. Энэ бүхнийг хөрөнгө оруулалтын бодлогоор зохицуулах ёстой. Олон орон энэ зарчмаар ажилгүйдлийн хямралтай тэмцэж буй. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байж л ажлын байраа нэмэгдүүлэх, хадгалж үлдэх боломжтой.

-Валютын нөөцийг нэмэгдүүлэхгүйгээр хүндрэлийг даван туулах тухай ярихын хэрэг байна уу. Харамсалтай нь нөөц нэмэгдүүлэх боломж харагдахгүй байх шиг...

-Алт, зэсийн экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн гурван зүйлээс манай улс валютын нөөцөө бүрдүүлдэг. Хямралтай холбоотойгоор шууд хөрөнгө оруулалт бараг зогсчхов.. Манай^улсын экспортын гол багана нь ашигт малтмал, малын гаралтай түүхий эд гэж үзвэл бас хоёулаа ганхчихлаа.

-Оюутолгойн зэс, алтнаас мөнгө босгоно гэж яриад байгаа нь дэндүү явцуу ойлголт биш үү?

-Нүүрсийг хаяж болохгүй. Дэлхийн зах зээлд үнэ ч гайгүй байна. Хувийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, консорциум бий болгох, хөтөлбөр, төсөл боловсруулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй. Нүүрс, алтны үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжих нь валютын нөөцөө нэмэгдүүлэх асар их боломжийг бий болгох бололцоотой. Дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Тэгснээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, тэр нь бүтээгдэхүүн болж хувирна.

Нийгмийн хамгааллын бодлого эзнээ олсон байх ёстой. Ядуу хэсэгт төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Дундаж түвшинд амьдралаа аваад явдаг хэсэгт нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, иргэн хүн өөрөө өөрийгөө аваад явчих эрх зүйн боломжийг төр хангаж өгөх ёстой. Нийгмийн халамж хавтгайраад ирэхээр хүн өөрийгөө дайчлах, хөгжүүлэх сэтгэлгээгүй болж байгааг анхаарах цаг болсон. Халамжийн шаардлагагүй, түүнийг тоодоггүй нэг хэсэг бий. Давхардсан халамжийг арилгах, оновчтой болгох эрх зүйн орчныг бий болгох нь УИХ-ын үүрэг. Төсвийн тодотгол хэлэлцэх явцад энэ бүхнийг харгалзах ёстой.

-Засгийн газрын зардал данхайж байна. Өргөн барьсан төсвийн тодотголоор нэлээд зүйл танах ёстой байх. Харин чадах болов уу. Олон жил энэ тухай ярьсан ч шийдсэн зүйл байхгүй л байгаа.

-2009 оны төсвийн орлогыг 2.2 их наяд төгрөгөөр тооцсоны 40 гаруй хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны зардал. Зах зээлийн нийгэмд төрийн оролцоо ийм өндөр байж таарахгүй. Төр өөртөө ачаа үүрэх бус шаардлагатай заримыг нь төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хэнд үүрүүлдэг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр дорвитой шинэчлэл хийх шаардлага байна.

-Манай төсвийн тогтолцоог зарим эдийн засагч төдийгүй олон улсын санхүүгийн байгууллага шүүмжилдэг...

-Төсөв баталдаг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр төсвөө тэлдэг. Эдийн засаг хүндрээд ирэхээр түүнээ дийлдэггүй тогтолцоогоор бид явж ирлээ. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийг хангадаг бүтэц бий болгох ёстой. Хүндрэлийг даван туулах төлөвлөгөөнд 2.7-5 хувийн эдийн засгийн өсөлт хангана гэсэн байна лээ. Юугаар хангах гээд байгааг нь ойлгоогүй. Эдийн засгийн өсөлтөө хангах, ажилгүйдлийг нэмэгдүүлэхгүй байх нь төлөвлөгөөний үндсэн агуулга. Үүнийг дотоодын хөрөнгө оруулалтаар хангах ёстой.