Баттөмөр.Б 2017.01.25 | Сайт: Vip76.mn

Б.Баттөмөр: Эдийн засаг сэргэвэл зөвхөн цэрэг гэлтгүй бүх хүний тэтгэврийг нэмэх шаардлага бий

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар /2017.01.24/ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр горимын санал дэвшүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Шинэ парламент бүрдсэнээс хойш нийгмийн халамжийн шинжтэй хуулийн төслүүд олноор нь санаачлан, боловсруулж, хэлэлцэж байна. Монголын төрд мөнгө байвал ард иргэддээ тэтгэвэр тэтгэмж, нэмэгдлүүдийг олгох нь зүйтэй.

Монгол Улсын төсөв 2,4 их наяд төгрөгийн алдагдалтай. Төсвийн алдагдлыг ДНБ-ий 9,1 хувьтай тэнцэж байна. Ийм төсөвтэй улс дэлхийд цөөхөн байна. Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын төсвийн алдагдал, гадаад өрийг онцгойлон дурдсан байдаг.

Тиймээс хууль санаачлагчид төсөвт ирэх ачааллыг тооцохоос гадна орлого олох талын бодлого барьж ажиллах хэрэгтэй шүү дээ. Яг одоо улсын төсөвт байхгүй мөнгийг хуваарилахыг оролдож байгаа энэ мэт жишээ замбараа алдлаа. Эдийн засагч хүний хувьд түүнд тун их санаа зовниж байна.

2020 он гэхэд манай улс 8,1 их наяд төгрөгийн орлоготой болох төлөвтэй байна. Үүнд, зээл тусламж, нийгмийн даатгалын орлого гээд бүгд багтана. Өнөөдөр төгрөгийн ханшийн үнэгүйдэл 25 хувьд хүрлээ. 2020 он хүртэл төгрөгийн ханш суларсаар байна гэж тооцвол 2,4 тэрбум ам.долларын хуримтлалтай улс болохоор байна. Тэгвэл одоогийн санаачлан, боловсруулсан хуулийн төслүүд батлагдлаа гэхэд тэр их хэмжээний зардлыг хаанаас санхүүжүүлэх вэ?

Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улсын нийгмийн халамжтай холбоотой гаргаж буй зардал нь бусад орныхтой харьцуулахад хэд дахин их болсон байна гэдэг.

Нийгмийн даатгалын санд гурван хүн орлого төвлөрүүлдэг, түүнийг 10 хүн авдаг байх жишээтэй. Ийм л буруу тогтолцоотой болсон байна.

Салбар яамны зүгээс дэлхийн чиг хандлага, өөрийн орны нөөц, боломжийг судалж, авч болох арга хэмжээнүүдийг авч байгаа нь сайшаалтай. Гэхдээ зардлаа санхүүжүүлэх эх үүсвэрүүдээ шийдсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байх нь зүйтэй болов уу?

Засгийн газраас ч гэсэн аливаа хуулийн төслийн хэрэгжих хэрэгжих хугацааг 2018, 2019 он гэж хойшлуулах санал өгсөөр байна.

Монгол Улсын эдийн засаг эрчимжиж, хуримтлал үүссэн тохиолдолд зөвхөн цэрэг, ахмад настан алдар цолтон гэлтгүй бүх хүний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага бий.

Дараагийн удаад нийгмийн даатгал, халамжтай холбоотой хуулийн төслүүдийн зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрүүдээ тодорхой болгож байж хэлэлцдэг журамд шилжих зүйтэй гэсэн горимын саналтай байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn