Энхбаяр.Ж 2017.01.25 | Сайт: Vip76.mn

Ж.Энхбаяр: Хуулийн төслийн талаар нийт 138 санал гарсан

Ж.Энхбаяр: Хуулийн төслийн талаар нийт 138 санал гарсан
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны 12 дугаар 27-нд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнгөрсөн хугацаанд УИХ-ын ажлын хэсгийн гишүүд хуулийн төсөл дээр хэрхэн ажиллаж, засч сайжруулсан болохыг танилцуулсан юм. 

Хуулийн төслийг УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг нэг удаа, ажлын дэд хэсэг дөрвөн удаа хуралдсан байна.

Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгийн гишүүдээс хуулийн төслийн талаар 124, дагалдах бусад хуулийн төслийн талаар 14 нийт 138 санал гаргасан юм.

Эдгээр 138 саналын 64 буюу 46,3 хувь нь зарчмын зөрүүтэй, 74 буюу 53,7 хувь нэр томьёог цэгцлэх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор хийсэн хууль эрх зүйн техник, найруулгын шинжтэй саналууд байна.

Гамшгаас хамгаалах тухай шинэчилсэн найруулгын төслийг дараах байдлаар сайжруулжээ. 

Нэгд, Олон улсын хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашигладаг нэр томьёог өөрийн орны онцлогт нийцүүлэн, нэр томьёоны давхцалыг арилгаж, ойлгомжтой байдлаар цэгцэлсэн.

Хоёрт, Гамшгаас хамгаалах нэгдсэн тогтолцоо, түүний дотор гамшгаас хамгаалах үндэсний болон орон нутгийн зөвлөл, Улсын онцгой комисс, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох албан тушаалтны эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон.

Гуравт, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хуулийн этгээд, иргэдийн оролцоог хангах, тэдгээрийн эрх, үүргийг нарийвчлан тусгасан.

Дөрөвт, Гамшгийн дараах үйл ажиллагааг оновчтой, ялгаатай байдлаар нарийвчлан тусгаснаар гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхой болгосон.

Тавд, Дотоодын болон гадаадын гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн талаарх эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн тусгасан.

Зургаад, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, Батлан хамгаалахын тухай багц хуулиудын үзэл санаа, хуулийн заалтуудтай нийцүүлэн онцгой байдлын байгууллагын тогтолцоо, чиг үүргийг шинээр тодорхойлсон.

Долоод, Онцгой байдлын албан хаагчдын эрх зүйн байдал, баталгааг батлан хамгаалах салбарын бусад багц хуулиудад нийцүүлэн тусгаснаар төрийн цэргийн байгууллагын албан хаагчдын нэгэн адил эрх зүйн байдал нь сайжирсан. Үйл ажиллагааны онцлогт тохируулан бусад нийгмийн баталгааг эдлэх эрх, боломж нээж өгсөн юм.

Наймд, Төслийн нэр томьёоны хэллэгийг цэгцэлсэнтэй уялдуулан бусад хуулийн төслүүдэд нэр томьёотой холбогдсон өөрчлөлтийг тусгаснаар хуулийн төсөл сайжрах нөхцөл бүрдэж байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn