Оюун-Эрдэнэ.Л 2017.01.25 | Сайт: Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Цэргийн цол, албан тушаал гэдэг цагдаа, цэргийн байгууллагын хувьд хөндүүр сэдэв байдаг

Л.Оюун-Эрдэнэ: Цэргийн цол, албан тушаал гэдэг цагдаа, цэргийн байгууллагын хувьд хөндүүр сэдэв байдаг
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны 12 дугаар 27-нд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ онцгой байдлын байгууллагын даргын цолтой холбоотой асуудлыг хөндлөө. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Хуулийн төслийн үзэл баримтлал дээр ажлын хэсгийнхэн дахин ажиллах хэрэгтэй гэж бодлоо. Тухайлбал, “ Иймд олон улсын туршлагыг өөрийн онцлогт нийцүүлэн гамшгийн эрсдлийн...” гэж эхэлж буй өгүүлбэр 88 үгтэй байна. Энэ өгүүлбэрийг хоёроос гурав өгүүлбэр болгож найруулах нь зүйтэй болов уу. Ийм жишээ хэд хэд байна.

Хуулийн төслийг нилээд судалсан. Хилийн цэрэг зэрэг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаатай ямар байдлаар уялдуулсан бэ?

Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга, тэргүүн дэд гэсэн нэр томьёо хуулийн төсөлд байна. Цэргийн цол, албан тушаал гэдэг цагдаа, цэргийн байгууллагын хувьд хөндүүр сэдэв байдаг. Өнгөрсөн хугацаанд төрдөө үнэнчээр хүчин зүтгэдэг албан хаагчдын итгэл үнэмшил рүү халдсан тохиолдол цөөнгүй гарсан.

Хилийн цэргийн хуультай уг хуулийн төслийг харьцуулж харсан учраас ийм томьёоллоор санал өгсөн.

Батлан хамгаалах, хилийн цэрэг, онцгой байдал гээд эх орныхоо энхийн манаанд амь, биеэ хайрлалгүй зүтгэдэг тусгай албан хаагчид бий. Гэтэл эдгээр албан хаагчдад олгодог цол, чиг үүрэг ялгамжтай байдаг гэж шүүмжилдэг. Тиймээс цэргийн цол олгох тал дээр санал нэгтэй байх нь зүйтэй болов уу. 

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

Хуулийн төслийг УИХ-аас баталсан Батлан хамгаалахын багц хуультай уялдуулсан. Том агуулгаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлоготой шууд холбоотой. Мөн “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт цэргийн, цэрэгжсэн байгууллага хоёрын хоорондын ялгааг маш тодорхой зааж өгсөн. Энэ хоёр байгууллагын хоорондын маргаан олон жил үргэлжилсэн байдаг.

Үүнд, онцгой байдлын байгууллага бол тайван цагт хуульд заасан үүргээ гүйцэтгэнэ. Дайн бүхий байдалд зэвсэгт хүчний нэгэн бүрэлдэхүүн хэсэг байхаар тусгасан юм. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай шинэчилсэн найруулгын төсөлд Онцгой байдлын албан хаагчийн нийгмийн баталгаа, цолтой холбоотой асуудлыг Хилийн тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цэргийн албаны тухай, Батлан хамгаалахын багц хуулиудтай уялдсан.

Одоогийн мөрдөж буй хуулиас нийгмийн баталгаа нь сайжирч байгаа гэж ойлгож болно. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга, тэргүүн дэд нь цэргийн дээд цолтой байхаар оруулж өгсөн нь одоогийн хуулийн заалтыг дагасан. Гэхдээ “”...цэргийн дээд цолтой байж болно” гэсэн томьёоллыг оруулсан.

Цэргийн дээд цол олгох тухай зарлигийг Ерөнхийлөгч гаргадаг. Энэ зарлиг дотор Онцгой байдлын байгууллагын албан тушаалтнууд багтсан байдаг. Хэлэлцүүлгийн явцад засч, сайжруулах шаардлагатай зүйлс бий.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn